БЗД-ийн 4-р хороонд байрлах Генералын гэх 42-р байрны дээвэр муудаж ус алдсаны улмаас 5 давхарт амьдарч байгаа 30 гаруй айл руу ус нэвтэрчээ. Уг барилгын дээвэрт 10 гаруй жил засвар хийгээгүй улмаас иргэд чийгтэй мөөгөнцөртсөн орчин эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсоор амьдарч байгаа талаараа ярьж байна.
Баянзүрх дүүрэгт байрлах 42-р байр нь 1968 онд ашиглалтад орсон байна. Ашиглалтад орсон цагаасаа бүрэн засварт ороогүй өдийг хүрсэн байна. Улмаар барилгын дээвэр муудаж цас хайлах, бороо орох үед 5-дугаар давхарт амьдардаг айл өрхүүдийн гэрт ус алдаж хана, тааз зэрэг нь усанд автдаг байна. Айл бүрээс СӨХ-ны төлбөрт 20 мянган төгрөг авдаг ч энэ мөнгө нь дээврийг засахад хүрэлцдэггүй талаар СӨХ-ын ажилтан ярьсан юм. Мөн үе үеийн Сууц өмчлөгчдийн холбооноос тухайн барилгын дээврийг засварлах талаар ярьдаг боловч өдийг хүртэл томоохон засвар хийгдээгүй хэвээр байгаа юм. 10 гаруй жилийн турш дээврээс нь ус алдсан чийгтэй орчинд амьдарч байгаа талаар иргэд ярьсан байна.
Тус байрны сууц өмчлөгчдийн холбооны дарга өнгөрсөн 12-дугаар сард ажлаа авсан байна. Тэрээр холбогдох байгууллагуудад дээвэр засварлах талаар хүсэлт тавьсан ч одоогийн байдлаар хариу өгөөгүй гэсэн юм.
Иргэд өөрсдийн боломжоороо барилгын дээвэрт засвар хийдэг боловч жил хүрэхгүй хугацаанд дахин ус алддаг талаар ярьж байсан юм. Мөн өндөр өртөг зарцуулан гэртээ засвар хийсэн ч эд хөрөнгөөрөө хохирсон хэвээр байгаа юм.