БЗД-ийн 4-р хорооны 42-р байрны дээвэр муудаж ус алдсаны улмаас дээд давхарт амьдардаг 30 гаруй айл руу байнга ус нэвчиж, иргэд чийгтэй мөөгөнцөртсөн орчинд амьдарч байна. Уг барилгын дээвэрт 10 гаруй жил засвар хийгээгүй юм байна. Олон жилийн насжилттай барилгад улсаас нэг удаад их засвар хийх заалттай байдаг бөгөөд тус барилгад засвар хийхэд 1.3 тэрбум төгрөг шаардлагатай юм байна.
8 орц бүхий барилгын дээвэр болон гадна фасадын засварын ажлыг хийж гүйцэтгэхэд 1.3 тэрбум төгрөг шаардлагатай юм. Улсаас олон жилийн насжилттай барилгын засварыг нэг удаа хийх заалттай байдаг байна. Үүний хүрээнд Баянзүрх дүүргийн Хөгжлийн төвөөс засварын ажлын төслийг Нийслэлийн Засаг даргын тамгын газрын холбогдох ажилтнуудад танилцуулсан байна. Улмаар энэ онд барилгын засварын ажлын 10 хувийг хийхээр төлөвлөсөн байна.
Тус байранд оршин суугчид өөрсдийн боломжоороо дээврээ нөхөх, засварлах ажлуудыг хийдэг ч богино хугацаанд л торгоож чаддаг байна. Харин СӨХ-ны даргын хийсэн судалгаагаар дээврийн засварын ажилд эхний ээлжид 150 орчим сая төгрөг шаардлагатай байгаа талаар ярьсан байна.
Баянзүрх дүүрэгт насжилт нь хэтэрсэн засварлах шаардлагатай олон барилга байгаа гэсэн юм. Иргэдийн хүсэлтээр бага хэмжээний засвар хийвэл улсаас нэг удаад олгогдох засварт тооцогдон томоохон хэмжээний засвар хийж чадахгүйд нөлөөлнө гэж холбогдох байгууллагын төлөөлөл хэлж байсан юм.