2023 оны УИХ-ын хаврын чуулганаар Аялал жуулчлалын багц хуулийн төслийг хэлэлцэнэ

Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Уг зорилттой холбогдуулан Аялал жуулчлалын багц хуулийн төслийг 2023 оны УИХ-ын хаврын чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэх бөгөөд багц хуулийн төсөлд морин бооцоот уралдаан, казино, бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төслүүд багтаж байгаа юм. Эдгээр хуулийн төслүүд батлагдсанаар уул уурхайн бус орлогыг нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байгаа юм.

Манай улсын нийт орлогын 93 орчим хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг. Тэгвэл Аялал жуулчлалын багц хуулийн төсөл нь уул уурхайн бус орлогыг нэмэгдүүлж эдийн засгийг солонгоруулахад чиглэж байгаа бөгөөд уг салбараас олох орлогыг ДНБ-ны 20 хувьд хүргэх боломжтой гэж харж байгаа юм.

Аялал жуулчлалын багц хуулийн төсөлд морин бооцоот уралдаан, казино, бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төслүүд багтаж байгаа юм. Тэгвэл Хөшигтийн хөндийд казиногийн цогцолбор барих эрхийг олгохдоо сонгон шалгаруулалт явуулах бөгөөд нэг их наяд төгрөгийн бодит хөрөнгө оруулалт хийх компанид казино байгуулах эрх олгоно.

Казиногийн үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойших өдөр тутмын олсон орлогын 40 хувийг шууд казиногийн орлогын албан татвар болгож авна. Гучин жилийн дараа нийт ширээний 50 хувь манай улсын засгийн газрын өмчлөлд шилжих юм.