Сири улсад болсон хүчтэй газар хөдлөлтийн уршгаар 5 гаруй тэрбум америк.долларын хохирол учирсан байна

Өнгөрсөн сарын эхээр тохиолдсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас Сири улсад 5.1 тэрбум америк.долларын хохирол учирсан гэх тооцооллыг Дэлхийн банкнаас гаргасан байна. Байгалийн гамшгийн улмаас Турк, Сирид амь эрсэдсэн хүний тоо 50 мянга давсан бөгөөд 6000 орчим нь Сири улсад бүртгэгджээ.

Одоог хүртэл аврагчид нуранги доороос хүмүүсийг татан гаргах ажиллагаа явуулсаар байгаа ч эсэн мэнд аврагдсан тохиолдолд сүүлийн хоёр долоо хоногт огт бүртгэгдээгүй байна. Баруун хойд нутгийн босогчдын хяналтад байдаг бүс ч мөн газар хөдлөлтөд өртсөн бөгөөд энэ бүсэд 4 сая гаруй хүн амьдардаг талаар эх сурвалжууд мэдээлжээ.

Тэгвэл дэлхийн банкнаас мэдээлснээр Сирид учирсан хохирлын хэмжээ тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 орчим хувьтай тэнцэж байна. Байгалийн гамшигт хамгийн их нэрвэгдсэн Сирийн хойд нутгийн Алеппо мужид 2.3 тэрбум ам.долларын хохирол учирсан нь нийт хохирлын 45 хувийг эзэлж байгаа юм. Байгалийн гамшигт үзэгдэл Сирийн эдийн засгийн идэвхжилийг сулруулж, өсөлтийн хэтийн төлөвт нь сөргөөр нөлөөлөх төлөвтэй байгааг Дэлхийн банкнаас анхааруулжээ. Өнгөрсөн сарын газар хөдлөлтийн улмаас Туркт учирсан хохирлын хэмжээ 34 тэрбум ам.долларт хүрсэн гэж Дэлхийн банкнаас өмнө нь мэдээлж байсан юм.