БНСУ-ын эрх баригчид Японы үйлдвэрүүдэд албадан хөдөлмөр эрхэлж байсан иргэддээ нөхөн төлбөр олгох зөвшилцөлд хүрчээ

Даваа гарагт БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин Японы эрх баригчидтай дайны үеийн албадан хөдөлмөр эрхлэлтийн нөхөн төлбөрийг олгох асуудлаар зөвшилцөлд хүрсэн ч гомдлыг шийдвэрлэх зарим тохиролцоо үргэлжилж байгааг дуулгажээ. Мөн хоёр улсын эрх баригчид, албадан хөдөлмөр эрхэлж байсан Японы аж ахуйн нэгжүүдийн хооронд нэгдсэн гэрээ хэлэлцээр байгуулагдах хүртэл Сөүлийн дэмжлэгтэй Олон нийтийн санд цугларсан хандивын мөнгийг хохирогчдод олгох саналыг гаргасан талаар гадаад хэргийн сайд Пак Жин танилцуулсан байна. Харин БНСУ-ын иргэд “албадан хөдөлмөр эрхлэгчдийн хохирлыг барагдуулахын тулд сайн дурынхан болон хувийн хэвшлээс хандив босгохыг эрс эсэргүүцэж байгаагаа” мэдэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан тус улсын иргэд мягмар гарагт төв талбайдаа эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ.

Дэлхийн 2-р дайны үед Япон улсад албадан хөдөлмөр эрхэлж байсан БНСУ-ын 10 гаруй иргэн 2018 онд хохирлоо нэхэмжлэн  шүүхэд гомдол мэдүүлснээр ялалт байгуулсан юм. Гэвч Токиогийн Засаг захиргаа 1910-1945 оны колоничлолтой холбоотой нөхөн төлбөрийн бүх асуудлыг 1965 онд хоёр талын дипломат харилцааг хэвийн болгох тухай хэлэлцээрээр шийдсэн гэж мэдэгдсээр ирсэн юм. Юн Сок Ёлийн Засаг захиргаа БНАСАУ-ын цэргийн аюул заналыг сөрөн зогсохын тулд АНУ, Япон улстай гурван талын аюулгүй байдлын түншлэлийн харилцааг бэхжүүлэхийг зорьж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор дээрх төвөгтэй асуудлаар хөрш орнууд сүүлийн хэдэн сарын хугацаанд хэд хэдэн удаа албан ёсны хэлэлцээ хийсэн юм.