Гүрж улсад хэвлэлийн эрх чөлөөг боомилсон хуулийн төсөл баталсанд уурссан иргэд эсэргүүцлээ илэрхийлэн жагсаж байна

Гүрж улсын нийслэл Тбилиси хотноо хэвлэлийн эрх чөлөө, иргэний нийгмийг дарангуйлах хуулийн төслийг урьдчилсан байдлаар хэлэлцэн баталсантай холбогдуулан иргэд нь эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна. Хотын төв талбай болон Парламентын ордны гадаа жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарч, хэд хэдэн хүн гэмтэж бэртсэн талаар Ройтерс агентлаг мэдээлжээ.

Үйл ажиллагааныхаа санхүүжилтийн 20 болон түүнээс дээш хувийг хилийн чанадын хөрөнгө оруулагчдаас татдаг төрийн бус байгууллагууд, мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудыг “гадаадын төлөөлөгч” гэж зарлах хуулийн төслийг Гүржийн эрх баригчид даваа гарагт урьдчилсан байдлаар хэлэлцэн баталжээ. Улмаар уг хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээр дээрх жишгээр ажилладаг байгууллагуудын үйл ажиллагааг зогсоож, хөрөнгийг битүүмжилнэ гэдгээ тус улсын эрх баригчид мэдэгдсэний дараа, Гүржийн иргэд нийслэл Тбилиси хотын төв талбайд эсэргүүцлээ илэрхийлэн жагсаж байна. Иргэдийн мэдээлснээр иргэний нийгэм, бие даасан хэвлэл мэдээллийн байгууллагуудын хэвлэн нийтлэх эрх чөлөөг боомилсон Орос маягийн хуулийг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ Өрнөдийн хэвлэлд ярьж байна.

Орон нутгийн цагаар лхагва гарагийн өглөө цагдаагийн алба хаагчид жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий цацаж, усаар шүршиж эхэлжээ. Гүрж улсын эрх баригчдын гаргасан дээрх шийдвэрт АНУ тэргүүтэй Өрнөдийн улсууд ихэд харамсаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд Гүржийн ард түмний хүсэл тэмүүлэл, суурь эрхийг хөндөх уг хуулийг хүчингүй болгоно гэдэгт итгэж байгаагаа цахим хуудсаар дамжуулан илэрхийлжээ.

Европын Холбооны удирдлагууд Гүрж улсыг тус холбоонд элсүүлэх болон гишүүнчлэлийн статус олгох асуудлыг хэлэлцэж байгаа энэ чухал үед энэхүү хуулийг урьдчилсан байдлаар баталсантай холбогдуулан ЕХ-ны Гадаад бодлогын асуудал хариуцсан Тэргүүн Жозеп Боррел “Уг хуулийн төсөл нь ЕХ-ны үнэт зүйл, стандарттай нийцэхгүй байна" гэж мэдэгдсэн төдийгүй Гүржид гишүүнчлэл олгох эсэхийг нухацтай хэлэлцэнэ хэмээн цохон тэмдэглэжээ.

ОХУ-ын эрх баригчид 2012 онд "Гадаадын агент, төлөөлөгчийн" тухай хуулийг баталж, Өрнөдийн санхүүжилттэй төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг онилон үйл ажиллагааг нь зогсоож, удирдах албан тушаалтнуудыг барьж хорьсон юм.

Тэгвэл жагсагчид "уг хууль бол Оросын хууль гэдгийг бид бүгд мэддэг, бид хуучин ЗХУ-ын нэг хэсэг байхыг хүсэхгүй байна, бид Европын Холбооны нэг хэсэг байхыг хүсэж байна, бид Өрнөдийн улс, хөгжингүй орны ард түмэн байхыг хүсэж байна” хэмээн Ройтерс агентлагт ярьжээ.