4 эмэгтэй тутмын 3 нь шөнө оройн цагаар гадуур явахаас айдаг нь судалгаагаар тогтоогджээ

Эмэгтэйчүүдийн эрх олон янзаар зөрчигддөгийн нэг нь гудамжны халдлага юм. Энэ талаар олон улсад нэгдсэн ойлголт байдаггүй бөгөөд олон нийтийн газар, зам талбайд танихгүй этгээдийн зүгээс үзүүлж буй ёс бус үйлдэл, үг хэллэгийг хэлдэг байна. Цаашлаад эмэгтэйчүүдийн өмссөн хувцас, нүүрний будалт болон үсний өнгө зэргээс шалтгаалж олон сөрөг хандлага ирдэг байна.

Охид бүсгүйчүүдийн эрхийн асуудлыг шийдвэрлэхийн тулд тэд хүссэнээрээ хувцаслаж, өөрийнхөө дүр төрхийг бүрдүүлэх  эрхтэй гэдгийг хүн бүр ойлгох хэрэгтэй юм. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, кино урлаг зэрэгт охид бүсгүйчүүдийн биеийн аль нэг хэсгийг ил харуулахдаа сексийн объект мэтээр үзэгчдэд буруу ойлголт төрүүлж байгаа нь тэднийг гадаад үзэмжээр нь дүгнэхэд нөлөөлдөг байна.

Гудамжны халдлагын талаарх ойлголт манай улсад төдийлөн хөгжөөгүй ба энэ талаарх үйлдэл, үгийг иргэд энгийн үзэгдэл шиг хүлээн авдаг болсон талаар эмэгтэйчүүд хэлж байгаа юм. Тиймээс энэ талаарх ойлголтыг дээшлүүлж, хариуцлагын арга хэмжээг авах хэрэгтэй гэсэн юм. Мөн 2017 оны жендерт суурилсан хүчирхийллийн судалгааны тайланд дурдсанаар 4 эмэгтэй тутмын 3 нь шөнө оройн цагаар гадуур явахаас айдаг гэсэн байна. Үүнээс харвал эмэгтэй хүмүүс ямар нэгэн байдлаар өөрт нь халдах тохиолдол гарах вий  гэсэн айдас дунд байгаа юм.