Гүрж улсын эрх баригчид хэвлэлийн эрх чөлөөг боомилсон “Гадаадын агент"-ын тухай хуулийг эхний хэлэлцүүлгээр дэмжсэн нь тус улсын иргэдийн дургүйцлийг төрүүлж, эсэргүүцлийн жагсаал хийхэд хүргэсэн юм. Энэ нь үйл ажиллагааныхаа санхүүжилтийн 20 болон түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагчдаас бүрдүүлдэг хэвлэл мэдээллийн байгууллагуудын үйл ажиллагааг хориглохтой холбоотой хуулийн төсөл байсан юм.
Үүнийг эсэргүүцсэн Гүрж улсын иргэд нийслэл Тбилиси хотноо жагсаал зохион байгуулж, алдаатай шийдвэрээ эргэн харахыг эрх баригчдаасаа шаардсан байна. Тэгвэл өнгөрсөн пүрэв гарагт тус улсын Засгийн эрхийг баригч “Гүржийн мөрөөдөл” намын дарга “маргаантай хуулийн төслийг болзолгүйгээр эгүүлэн татаж байгаа” гэдгээ мэдэгдсэн байна.
Гүрж улс Европын Холбоонд нэр дэвшигчийн статус авах хүсэлт гаргаж, НАТО-д элсэхийг эрмэлзэж байгаа чухал үед маргаантай хуулийн төслийг хэлэлцсэн юм. ЕХ-ны эрх баригчид уг хуулийн төслийг европын холбооны үнэт зүйлстэй нийцэхгүй байгааг хэдийн анхааруулсан юм
Засгийн газрын ордны гадаа хоёр өдөр, хоёр шөнө үргэлжилсэн иргэдийн жагсаал үр дүнгээ өгч хуулийн төслийг хүчингүй болгожээ. Харин эсэргүүцлийн жагсаалд оролцох үеэрээ хуулийн байгууллагад саатуулагдсан 100 орчим хүнийг суллахыг Олон Улсын Хүний эрхийн байгууллагууд уриалжээ. Харин Гүржийн Дотоод Хэргийн яамнаас жагсагчдыг хэдийн сулласан талаараа мэдэгдсэн байна.