ОХУ-ын зэвсэгт хүчин анх удаа Украины нутаг дэвсгэр рүү дуунаас хурдан зургаан ширхэг пуужин харважээ. Энэхүү агаарын довтолгооны улмаас Украины 10 орчим энгийн номхон иргэн амиа алдсан байна. Ийнхүү Оросын Зэвсэгт хүчин сүүлийн сар гаруйн хугацаанд завсарлаад байсан пуужингийн довтолгоогоо дахин эхлүүлжээ.
ОХУ-ын Батлан Хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч, Армийн генерал Игорь Конашенков алсын тусгалт "газар-агаар-газар" ангиллын өндөр нарийвчлалтай хэт авианы “Кинжал” хэмээх пуужинг харваж, Украины цэргийн болон иргэний дэд бүтцийг амжилттай устгасан талаараа пүрэв гарагт мэдэгджээ.
Харин Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчин ОХУ-ын 34 ширхэг далавчит пуужин, Иран улсад үйлдвэрлэсэн дөрвөн ширхэг “Шахед” нисгэгчгүй сөнөөгч онгоц буюу дроныг аюулгүй болгосон ч дуунаас хурдан “Кинжал” пуужинг сөнөөж чадаагүй” гэдгээ мэдэгдсэн байна.
Украины ерөнхийлөгчийн зөвлөх “өмнө нь хэзээ ч ийм төрлийн зэвсгийг бодитоор ашиглаж байхыг хараагүй. Хэрэв илүү олон пуужин иргэний дэд бүтцийг онилсон бол хор хөнөөлийг нь тооцоолоогүй гэж Ройтерс агентлагт мэдээлжээ.
Одоогоор дайтагч талуудын цэргийн алба хаагчийн ширүүн тулалдаж байгаа Украины Зүүн фронтын Донецк мужийн Бахмут хотоос 700 километр хол зайд орших Львов хотын иргэний дэд бүтэц Оросын пуужингийн довтолгоонд өртөөд байгаа бөгөөд Украины хамгийн баруун зах, Польш улстай хил залгаа хот ч агаарын довтолгоонд өртжээ.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленський эзлэн түрэмгийлэгчид өөрт байгаа хамгийн хүчтэй зэвсгээ ашиглаж иргэний дэд бүтцийг сүйтгэж байгаад харамсаж байгаагаа илэрхийлээд дуунаас хурдан пуужинг устгах агаарын довтолгооны систем илгээхийг Өрнөдийн улс орнуудад уриалжээ.