2022 онд цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийллийн 1700 орчим гэмт хэрэг бүртгэгдсэнээс нийслэлд 50 хувь нь буюу 800 гаруй нь үйлдэгджээ. Гэр бүлийн хүчирхийллээс үүдэн бага насны хүүхэд бэртэж гэмтэхээс авхуулаад амь нас нь хохирох хүртэл гэмт хэргүүд үйлдэгдсээр байна.
Манай улсад гэр бүлийн хүчирхийлэл, түүнийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх талаар 1995 оноос хойш төрийн болон төрийн бус байгууллагууд тодорхой ажил зохион явуулж, эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа ч энэ төрлийн гэмт хэрэг өнөөг хүртэл таслан зогсоогдоогүй юм. Хамгийн сүүлд гэхэд “Э” гэх эрэгтэй хамтран амьдрагч “Л” гэх эмэгтэйн хүүхэд болох 3 настай хүүхдийг зодож биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан. Улмаар хүүгийн биеийн байдал муу байгаа бөгөөд ухаан ороогүй хэвээр байгаа юм.
Төрөөс гэр бүл хүүхдийн асуудалд анхаарал тавьдаг хэд хэдэн байгууллага байдаг. Тухайлбал Гэр Бүл Хүүхэд Залуучуудын хөгжлийн газраас гаднаа шатны нэгж байгууллага болох хамтарсан ажлын хэсэг бий. Үүнд тухайн дүүрэг хорооны ажилтан, цагдаагийн төлөөлөл, гэр бүл хүүхэд залуучуудын газрын төлөөлөл зэрэг албан тушаалтнаас бүрддэг. Тэдний зүгээс гэмт хэргээс дараах байдлаар урьдчилан сэргийлдэг гэсэн хариулт өгсөн юм.
Гэр бүл хүчирхийллийн гэмт хэргийн эсрэг холбогдох байгууллагууд иргэдийг соён гэгээрүүлэх, хүчирхийллийн эсрэг гэмт хэргийг бууруулах зэрэг ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулдаг. Мөн хийсэн ажлуудын хэрээр тодорхой үр дүнд ч хүрдэг гэсэн юм. Мөн хүчирхийлэл үйлдэх эсэх нь иргэдийн өөрсдийн ухамсартай холбоотой учир энэ төрлийн гэмт хэргийг ямар ч хүн үйлдэж болзошгүй эрсдэлтэй байдаг.