Энэ сарын 9-ний өдөр Герман улсын Хамбург хотын нэгэн сүмд зэвсэгт этгээд гал нээсний улмаас 7 хүн амиа алдсан бөгөөд тэдний дунд хэвлийд нь ураг бойжиж байсан эмэгтэй байсан нь олны зүрхийг шимшрүүлсэн байна. Халдлагаас амьд гарсан гэрчүүдийн мэдээлснээр “Сүсэгтнүүдийг мөргөлөө дууссаны дараагаар зэвсэгт этгээд сүмд нэвтэрч, халдлага үйлдсэн” байна.
Тэгвэл уг халдлагыг үйлдсэн этгээд нь Жеховагийн гэрчүүд сүмийн нийгэмлэгийн гишүүн байсан ч өнгөрсөн оны эхээр гишүүдтэй таарамжгүй харилцаатай болсон үндэслэлээр нийгэмлэгээс хасагдсан байна. Хуулийн байгууллагаас гэмт хэрэгтэн халдлага үйлдсэнийхээ дараа өөрийнхөө амийг егүүтгэсэн учраас хэрэг үйлдэх болсон шалтгааныг нарийн тайлбарлахад эрт байгаа талаар мэдээлж байна.
Уг хэрэг гарахаас өмнө тус шашны сүмд нэрээ нууцалсан этгээд сүсэгтнүүдэд уурлаж бухимдаж буйгаа илэрхийлсэн, амь насанд нь аюул заналхийлсэн зурвас илгээж байсныг цагдаагийнхан олж тодруулжээ.
Халдлагын үеэр хүнд шархадсан хүмүүст цус сэлбэх шаардлагатай байгаа ч шашны зан үйлд үүнийг хориглодог гэж тайлбарлан цус сэлбүүлэхээс татгалзаж байгаа нь биеийн байдлыг нь улам дордуулж байгаа талаар эрүүл мэндийн байгууллагаас мэдээлсэн байна.
Хэрэг гарсан Жеховагийн гэрчүүд сүмийн нийгэмлэгийн 4000 орчим гишүүн Германы Хамбург хотод оршин суудаг байна. Нийгэмлэгийн гишүүд жижиг чуулгануудад хуваагддаг бөгөөд тус бүр нь “Хаанчлалын танхим” гэж нэрлэгддэг өөрсдийн цуглаан хийх газартай байна.