АНУ-ын 16 дахь том банк болох “Цахиурын хөндийн банк” дампуурч, хөрөнгийг нь хураан авчээ

Энэ сарын 10-ны өдөр АНУ-ын цахиурын хөндийн банк дампуурлаа зарлажээ. Ингэснээр тус улсын санхүүгийн зохицуулах байгууллагаас дампуурсан банкны удирдлагыг хяналтдаа авсан байна. АНУ-ын банкны салбарт 2008 оноос хойш ийм хэмжээний томоохон хямрал тохиолдоогүйг шинжээчид онцолсон төдийгүй энэ нь дайны улмаас туйлдаа хүрээд буй дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байна.

2008 онд АНУ-ын таван том банкны нэг болох “Lehman brothers” банк дампуурснаар дэлхий дахинд санхүүгийн хямрал нүүрлэж байсан. Тэгвэл энэ сарын 10-ны өдөр АНУ-ын 16 дахь том банк болох “Цахиурын хөндийн банк”-ны хадгаламж эзэмшигчид мөнгөө татаж эхэлснээр тус банк дампуурсан гэж эдийн засагчид үзэж байна. Цахиурын хөндийн банкны гол харилцагчид, хадгаламж эзэмшигчид нь технологийн салбарын ажилтнууд болон гарааны бизнес эрхлэгчид байдаг байна. Харин өнгөрсөн долоо хоногт тус банкны толгой компани болох “Financial group”-ийн хувьцааны ханш 60 хувиар унасны дараагаас харилцагчид нь их хэмжээний мөнгийг татан авсны улмаас банк бэлэн мөнгөгүй болж, улмаар дампуурахад хүрснийг эдийн засагчид тайлбарласан байна.

АНУ-ын төв банкны үүрэг гүйцэтгэгч холбооны нөөцийн сан өнгөрсөн оны 3-р сараас хойш инфляцын өсөлттэй тэмцэхийн тулд бодлогын хүүгээ ээлж дараалан өсгөсөн нь технологийн салбарынхан болон бусад гарааны бизнес эрхлэгчдэд санхүүжилт босгоход сөргөөр нөлөөлж эхэлсэн байна. Энэ нь бэлэн мөнгөгүй болсон харилцагчид нь эртнээс хадгаламжаасаа мөнгөө татаж эхэлснийг илэрхийлж байгаа юм. Харин цахиурын хөндийн банк үйл ажиллагаа нь доголдож эхэлснийг үл ойшоон 21 тэрбум америк долларын үнэт цаас худалдаалж санхүүжилт босгох оролдлого хийсэн нь бүтэлгүйтэж, улмаар зах зээлд замбараагүй байдал бий болсон байна. Үүний уршгаар тус банкны толгой компанийнх нь хувьцааны ханш унаж, дампуурсан гэж үзжээ.

Тэгвэл “Цахиурын хөндийн банк санхүүгийн сахилга батгүй бодлого баримталсан буюу олон гарааны бизнес эрхлэгчдэд чанаргүй зээл олгосон. Мөн харилцагчдадаа санхүүгийн нөхцөл байдлын талаар бодит мэдээлэл өгөөгүй. Түүнээс гадна холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ өсгөхөд бүх төрлийн бондын үнэ унадаг нь хэвийн үзэгдэл, гэхдээ цахиурын банкны удирдлагууд асуудлыг даамжруулахгүйн тулд харилцагчдынхаа итгэлийг бүрэн дааж чадаагүйд гол асуудал байна.” Хэмээн олон улсын тэргүүлэх эдийн засагчид үзэж байгаа юм байна.

Болж буй үйл явдалтай холбогдуулан цахиурын хөндийн банктай холбоотой асуудлыг сайтар ажиглаж байгааг АНУ-ын Сангийн сайд Жанет Йелен цохон тэмдэглээд, санхүүгийн зохицуулах байгууллага энэ сарын 15-ны өдрөөс эхлэн эхний ээлжид 250 мянган америк.доллар хүртэлх хадгаламжтай иргэдийн мөнгийг олгохоор ажиллаж байгаа талаар мэдэгджээ.