2022 онд цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийллийн 1700 орчим гэмт хэрэг бүртгэгдсэнээс нийслэлд 50 хувь нь буюу 800 гаруй нь үйлдэгдсэн байна. Гэр бүлийн хүчирхийлэл нь ихэвчлэн далд хэлбэрээр үйлдэгддэг учир хүчирхийлэлд өртсөн хохирогчид нуун дарагдуулах тохиолдол их гардаг. Тиймээс цаг хугацаа өнгөрөх тусам хүчирхийлэл даамжирч, хохирогч хүндээр бэртэж гэмтэх, амиа алдах хүртэл эрсдэлд ордог байна.
Гэр бүлийн хүчирхийлэл нь эдийн засгийн, бэлгийн, сэтгэл санааны, бие махбодын гэсэн 4 хэлбэрээр үйлдэгддэг байна. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд өдөрт дунджаар 4-8 бэлгийн болон гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч ханддаг байна. Тухайн хохирогчид сэтгэл санааны хувьд гутралд орсон, айдаст автсан шинж тэмдэг ажиглагддаг байна. Хүчирхийлэлд өртсөн гэдгээ эмэгтэйчүүд төдийлөн ил гаргадаггүй нуун дарагдуулах тохиолдол их байгаа нь хохирогч бие болоод сэтгэл санааны хувьд маш хүнд нөхцөлд ордог байна.
Он гарсаар цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг 240 орчим бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 31 хувиар буурсан үзүүлэлт юм. Хүчирхийлэл үйлдэгчид гэмт хэргийн зэргээс хамаараад зургаан сараас 2 жил хүртэлх хугацаанд зорчих эрхийг хязгаарлах, эсвэл 10-20 жил хүртэлх хорих ял оноох зарим тохиолдолд бүх насаар нь хорих зэрэг ял шийтгэл оногдуулдаг байна.
Мөн зарим тохиолдолд хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд эдийн засгийн хараат байдал нэр хүндээ хамгаалах зэргээс шалтгаалаад энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоож чаддаггүй. Улмаар хүчирхийлэл даамжирсаар гэр бүлийн аль нэг гишүүний амь хохирсноор дуусах тохиолдол элбэг байгаа юм .