"Оюу толгой" компанийн гүний уурхайн хүдрийн олборлолт эхэлснээр манай улсын эдийн засагт томоохон эерэг нөлөө үзүүлнэ гэж эдийн засагчид үзэж байна. Одоогийн байдлаар манай улсын уул уурхайн экспортын 15 хувийг "Оюу толгой" компани дангаараа эзэлж байна.
"Оюу толгойн" гүний уурхайн олборлолтын ажлыг эхлүүлснээр манай улсад томоохон хэмжээний эдийн засгийн эерэг нөлөөллийг үзүүлэхээр байна.
Өнгөрөгч 2022 онд "Оюу толгой" компани 1.4 тэрбум ам.долларын борлуулалтын орлого олсон бол шууд санхүүжилтээр 200 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг Монгол улсад оруулсан байна. Тэгвэл гүний уурхайн олборлолт эхэлснээр Монгол улсад үзүүлэх эдийн засгийн өгөөж нэмэгдэж нэг хүнд ногдох ДНБ-ыг 10 мянган ам.долларт хүргэх боломж бүрдэнэ.
Түүнчлэн гүний уурхай ашиглалтад орсноор "Оюу толгой" компани зэсийн салбарт дэлхийн хамгийн чухал бөгөөд томоохон тоглогч болох эхний алхмаа хийж байна. Түүнчлэн "Оюу толгой" компанийн хувьцаа эзэмшигч "Рио Тинто"-ийн зүгээс дэлхийд эхний дөрөвт орох том уурхай болж байна.
Энэхүү далд уурхайн үйл ажиллагаа ашиглалтад орсноор тус бүтээн байгуулалтад шаардагдаж буй импортын гарах урсгал буурах, зэсийн олборлолт нэмэгдэх, улмаар Монгол улсад орж ирэх валютын урсгал сайжрах бүрэн боломжтой бөгөөд олон улсын металлын бирж дээрх зэсийн ханш цаашдаа ч тогтвортой байх хандлагатай байна.