УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл ХБ-аас өөрийн хамаарал бүхий компаниар дамжуулан гурван удаагийн зээлээр 7 тэрбум 750 сая төгрөг зээлжээ

Хөгжлийн банкны гэх хэрэгтэй холбогдуулан УИХ-аас хянан шалгах түр хороог байгуулсан. Хянан шалгах түр хорооноос гурван үе шаттайгаар нээлттэй сонсголыг зохион байгуулж байгаа  юм. Энэ удаагийн буюу гурав дахь шатны сонсголоор хөгжлийн банкны эх үүсвэрээр арилжааны банкаар дамжуулан олгосон зээлийн талаар сонсгол зохион байгуулж байна. Өнөөдрийн сонсголоор Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн “Экспортыг дэмжих, импортыг орлох 888” төслийн талаар хэлэлцсэн юм. Тэгвэл уг төслийн хүрээнд томоохон аан болох “Тесо”, “Монос” болон “Алтай” групп зээл авч байжээ.

Хөгжлийн банк байгуулагдсанаас хойш дотоодын томоохон ААН-үүд өндөр дүнтэй зээл авч түүнийгээ зориулалтын бусаар зарцуулсан. Тэр бүү хэл Хөгжлийн банкнаас авсан зээлээ ББСБ-аар дамжуулан мөнгө угаасан зэрэг хэргүүд ил болоод байгаа юм. Тэгвэл өнөөдрийн сонсголоор 2014 онд хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжүүлж арилжааны банкаар дамжуулан олгосон “Экспортыг дэмжих, импортыг орлох 888” төслийн зээлийн эргэн төлөлт, үр дүнгийн талаар сонсгол хийлээ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр 58 гэрчийг дуудсан юм.

  • Монос групп Хөгжлийн банкны эх үүсвэрээр худалдаа Хөгжлийн банкаар дамжуулан 5 тэрбум төгрөг зээлсэн.
  • Л.Хүрэлбаатар өөрийн хамаарал бүхий компани болох “Энхийн шүүдэр” ХХК 5.8 тэрбум төгрөгийн зээл авсан байна.
  • Харин УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа өөрийн хамаарал бүхий “Юнико” ХХК 7.2 тэрбум төгрөг зээлж 2.3 тэрбум төгрөгөөр нь бусад банк дахь зээлээ төлсөн.

Эдгээр компаниудын төлөөллийг нээлттэй сонсголд дуудсан боловч хүндэтгэх шалтгааны улмаас хүрэлцэн ирэх боломжгүй гэдгийг хурлын багийнханд хүргүүлсэн байна.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл 2014 онд Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байхдаа өөрийн хамаарал бүхий компаниар дамжуулан Хөгжлийн банкнаас зээл авсан. Гоймонгийн үйлдвэр барих төслөөр  2014 онд “Милко” ХХК 750 сая төгрөг, “Тесо” ХХК 2013 онд 5 тэрбум төгрөг, 2014 онд 2 тэрбум төгрөгийн зээл авсан. Тухайн үед зээл авахдаа зээл олгох журмуудыг зөрчсөн гэж шинжээчийн дүгнэлтээр гарсан. Харин УИХ-ын гишүүн Цогтгэрэлийн зүгээс  зээл авсан ч үр дүн чухал гэж хариуллаа.

Энэ удаагийн сонсгол Хөгжлийн банкны эх үүсвэрээр арилжааны банкнуудаар дамжуулан олгосон 2542 төсөл, хөтөлбөрийн 1,6 их наяд төгрөгийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, хөгжлийн банкны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлага түүний зарцуулалт, үр дүнгийн хүрээнд зохион байгуулж байна. Маргааш гурав дахь шатны сонсголын сүүлийн өдөр юм.