Дампуурахын ирмэгт буй Швейцарын “Сredit Suisse” банк улсынхаа Төв банкнаас 54 тэрбум ам.долларын зээл авахаар болжээ

Өнгөрөгч лхагва гарагт Швейцарын томоохон банкуудын нэг болох “Сredit Suisse” өнгөрсөн улирлын санхүүгийн тайлангаа нийтэлсэн бөгөөд тайланд өгүүлснээр банкны санхүүгийн системд “сул тал” илэрснийг дурджээ. Үүнтэй холбогдуулан пүрэв гарагт тус банкны хувьцааны ханш 25 хувиар унаж, үүнийг дагаад үйл ажиллагаа нь доголдож эхэлжээ.

Швейцарын Арилжааны банкны хувьцааны ханш суларснаар Европын зах зээл дээрх ерөнхий хувьцааны арилжаа даган унаж, өргөн хүрээг хамарсан санхүүгийн хямрал нүүрлэх вий гэсэн болгоомжлолыг бий болгосон юм.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын 16 дахь том банк, санхүүгийн байгууллага болох “Цахиурын Хөндийн банк” дампуурлаа зарласан юм. Уг үйл явдлын дараа Нэгдсэн Улсын банк санхүүгийн салбарын үйл ажиллагаа бүхэлдээ доголдож, улмаар өөр нэгэн банк болох “Signature Bank” мөн дампуурснаа мэдэгдсэн талаар хэвлэлүүд мэдээлж байсан юм. Харин лхагва гарагт Швейцарын томоохон Арилжааны банкнуудын нэг “Сredit Suisse”-ийн удирдлагууд үйл ажиллагаанд нь “сул тал” илэрснийг шударгаар тайландаа тусгасан нь нөхцөл байдлыг хүндрүүлжээ. Тухайлбал пүрэв гарагт тус банкны хувьцааны ханш өмнөх өдрийн үзүүлэлтээс 25 хувиар унаж, үнэлэмж нь буурсныг шинжээчид онцлон мэдээллээ. Хувьцааны ханш унасны дараа Саудын Арабын хөрөнгө оруулагчид мөнгөө татан авч, дахин хөрөнгө оруулахгүй хэмээн хатуухан мэдэгдлийг хийсэн байна. Зах зээлийг донсолгосон бэрхшээлүүд ээлж дараалан тохиолдсоны дараа Олон улсын Хөрөнгийн биржүүдийн голлох индексүүд огцом, унаж Европ даяар, цаашлаад дэлхий дахинд санхүүгийн хямрал нүүрлэх вий гэсэн эрсдэлд шинжээчид санаа зовниж эхэлсэн байна.

Харин баасан гарагт Швейцарын Төв банкны удирдлагууд шаардлагатай тохиолдолд дампуурахын ирмэгт байгаа “Credit Suisse” банкинд тусламж үзүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэний дараа хөрөнгө оруулагчдын айдсыг намжааж, зах зээлийг тогтворжуулсан байна. Швейцарийн санхүүгийн байгууллагуудад "Тогтвортой байдлаа хангах" хатуу дүрэм үйлчилдэг бөгөөд “Credit Suisse” банк нь банк, санхүүгийн системийн хувьд чухал гэж үзэх шалгуур үзүүлэлтүүдийг хангаж байгаа тул зээл олгоход татгалзахгүй гэдгийг төв банкнаас мэдэгджээ. Тэгвэл “Credit Suisse” банкны төлөөлөн удирдах зөвлөлөөс 54 тэрбум америк.долларын зээлийг Төв банкнаасаа авахаар болсноо баасан гарагт цохон тэмдэглэжээ.