Япон, Өмнөд Солонгосын удирдагчид худалдаа, аюулгүй байдлын харилцаа холбоогоо өргөжүүлэхээр тохиролцжээ

Пүрэв гарагт БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёль Япон улсад хийх хоёр хоногийн хугацаатай Төрийн айлчлалаа эхлүүлсэн юм. Хөх Ордны Тэргүүн Юн Сок Ёль “Япон, Өмнөд Солонгос найрсаг харилцаагаа эргэн сэргээх нь хоёр улсын ашиг сонирхол болоод бүс нутгийн тогтвортой байдлыг хамгаалах, бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой”  хэмээн  айлчлынхаа өмнө мэдэгджээ.

Япон, Өмнөд Солонгосын удирдагчид хөрш орнуудын хувьд эдийн засаг, аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх амлалтыг өгснөөр дээд хэмжээний уулзалт эхэлсэн байна. Хамгийн сүүлд 2011 онд Өмнөд Солонгосын тухайн үеийн Ерөнхийлөгч Япон улсад төрийн айлчлал хийснээс хойш анх удаа буюу 12 жилийн дараа Юн Сок Ёль Токио хотноо газардлаа. Дээд хэмжээний уулзалт хаалттай хаалганы цаана үргэлжилсэн бөгөөд уулзалтын дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр Юн Сок Ёль “Бид нийтлэг ашиг сонирхлоо сэргээх талаар хэлэлцлээ. Хоёр улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн албан хаагчид хоёр талын эдийн засаг, техник, технологи, цэрэг, батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тохиролцоонд хүрлээ” хэмээн мэдэгджээ.

Түүнчлэн Ерөнхийлөгч Юн Сок Ёль Өмнөд Солонгосын өмнөх Төрийн Тэргүүн Мүн Жэ Инийн засаг захиргааны үед хэрэгсэхгүй болгосон, Ану, Япон, Өмнөд Солонгос гурван улс тагнуулын мэдээллээ солилцох цэргийн аюулгүй байдлын гэрээ, хэлэлцээрийг эргэн сэргээхээр болсон тухай ам алджээ.

БНАСАУ-аас ирэх цөмийн аюул, заналхийлэл үлэмж хэмжээгээр нэмэгдсэнтэй холбогдуулан хоёр улс Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгөх төлөвтэй байгааг шинжээчид онцолж байна. Пүрэв гарагт хоёр улсын төрийн тэргүүний уулзалт эхлэхтэй зэрэгцэн умардын тал ээлжит удаагаа алсын тусгалт баллистик пуужин харвасан нь Японы эдийн засгийн онцгой бүсэд газарджээ.

Гэхдээ Япон, Өмнөд Солонгосын Удирдагчид бүс нутгийн тогтвортой байдлыг хангахын тулд умардын талтай яриа хэлэлцээ эхлүүлэхийг үгүйсгэхгүй гэдэгт санал нэгдсэн байна. Нөгөөтэйгүүр Хөх Ордны Тэргүүн Юн Сок Ёль болон түүний тэргүүлж буй танхимын гишүүд Өмнөд Солонгосыг орчин үеийн дэвшилтэт цөмийн зэвсэгтэй улс болгох хүсэл эрмэлзэлтэй байгаа гэдгээ удаа дараа мэдэгдээд байгаа юм.