Улаанбаатар хотод шөнийн цагаар эмийн сан олддоггүйг иргэд хэлж байна

Нийслэл хотод 1000 орчин эмийн сан үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс шөнийн цагаар  70-80 орчим эмийн сан  ажилладаг.  Дийлэнх  нь хотын төв буюу орон сууцны хороололд төвлөрчээ. Иймээс алслагдсан гэр хорооллын бүсийн иргэд  шөнийн цагаар яаралтай эм, эмнэлгийн хэрэгсэл авахын тулд хотын төврүү орох шаардлага үүсдэг байна.

Эмийн сан хоорондын байршлын стандарт 500 метрт нэг  байрлахаар заагдсан байдаг. Гэтэл алслагдсан гэр хорооллын бүсэд эмийн сан эмнэлгийн хүрэлцээ муу байна.  Бид шөнийн нэг цагийн орчимд СХД-ийн 26-р хороонд ажилласан юм. Тус хорооны 18000 орчим хүн амтай ч ердөө 1 эмийн сан ажиллаж байсан юм. Тиймээс иргэд шөнийн цагаар яаралтай эм, эмнэлгийн хэрэгсэл хэрэг болсон үед  хотын төв орох, эсвэл түргэн дуудах зэрэг арга хэмжээг авдаг байна.

Шөнийн цагаар өвчин намдаах болон даралтны эмийн  эрэлт  хэрэгцээ ихэсдэг байна. Сандарч тэвдсэн  иргэд эм тариа хайсаар орж ирэх тохиолдол их байдаг талаар эмийн санч ярьж байна.

Нийслэлд шөнийн цагаар үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээний байгууллагын ихэнх нь зугаа цэнгээний газрууд байсан юм. Тухайлбал бар, ресторан, караоке зочид буудал зэрэг газрууд нэг километр тутамд олноороо ажиллаж байгаа  бол эмнэлэг,  эмийн сан дор хаяж 5-6 км-ийн зайтай,  нээлттэй нь цөөн байсан юм. Мөн иргэд хэлэхдээ шөнийн цагаар эмийн сан олддоггүйгээс гадна  эмнэлэг тэр дундаа  шүдний эмнэлэг байдаггүй талаар ярьж байсан юм. Өвдсөн үедээ улсын эмнэлэгт очдог боловч ихэнх нь хүлээж авахаас цааргалдаг гэсэн юм. Тиймээс өвдөлтөө тэвчин гэрийн аргаар эмчлэх, эмнэлэг, эмийн сан онгойхыг хүлээх шаардлагатай болдог байна.