Эдийн засгийн өсөлт эерэг үзүүлэлттэй байгаа хэдий ч иргэдийн худалдан авах чадвар буурсан хэвээр байна

Гадаад худалдаа өсөж, экспортын орлого нэмэгдэн өмнөх онд эдийн засгийн өсөлт төсөөлснөөс өндөр үзүүлэлттэй гарсан байна. Гэсэн хэдий ч хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас 1.2 хувиар өсөж иргэдийн бодит худалдан авах чадвар буурсаар байна.

2023 оны Монгол улсын Төсвийн төсөлд Гадаад худалдаа 2.4 тэрбум ам.долларын ашигтай гарах төсөөлөлтэй тусгасан. Энэ нь “Оюутолгойн гүний уурхайн” олборлолт цаашлаад уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн ханш сайн байх төсөөлөлтэй холбоотой байсан юм. Гэсэн хэдий ч “Оюутолгойн гүний уурхайн” олборлолт нь дунд хугацаандаа ашиг, үр өгөөжөө өгөх бөгөөд ойрын хугацаандаа америк долларын эсрэг төгрөгийн ханш суларч иргэдийн худалдан авах чадвар буурсаар байна гэдгийг эдийн засагчид тайлбарлаж байна.

Үндэсний Статистикийн хорооноос гаргасан судалгаагаар mөнгөний нийлүүлэлт 2023 оны 2 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 30 их наяд төгрөг болж өссөн байна. Өнөөдрийн байдлаар төгрөгийн евротой харьцах сарын дундаж ханш 3764 төгрөг, ам.доллартой харьцах сарын дундаж ханш 3508 төгрөг, юаньтай харьцах сарын дундаж ханш 513 төгрөг байгаа юм.