Монголбанкнаас мөнгөний бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэрийг гаргалаа

Инфляц 2-р сард улсын хэмжээнд 12.2 хувьтай гарсан байна. Ийнхүү инфляцийн түвшин алгуур саарахад импортын барааны тээврийн зардал буурсан нь голчлон нөлөөлсөн байна. Тиймээс Монголбанкны мөнгөний бодлогын хороо эдийн засаг, банк санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад, дотоод орчны төлөв эрсдэлийг харгалзан үзэж бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэрийг гаргасан байна.

Нийлүүлэлтийн шалтгаантай хүчин зүйлсийн нөлөө багасч мөн шатахууны үнийн төсөөлөл буурснаар инфляцийн төсөөллийг өмнөхөөс бууруулсан байна. Цаашид инфляц алгуур саарах хүлээлттэй байгаа хэдий ч валютын ханш, эрэлтийн хүчин зүйлсийн нөлөө нэмэгдэж болзошгүй байна. 2022 оны эдийн засгийн өсөлтийг нарийвчлан авч үзвэл уул уурхайн бус салбар өссөн нь нөлөөлжээ. Үүнээс гадна мөнгөний бодлогын хүүг огцом нэмэлгүйгээр, 1-2 нэгж хувиар өсгөсөн нь эдийн засгийн өсөлтөд нөлөөлсөн гэж монголбанкнаас мэдэгдлээ. Мөн цаашид мөнгөний бодлогын хүүг нэмэхгүй байхыг зорьж байгаа ч дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж дараа дараагийн шийдвэрийг гаргана гэсэн юм.

2021 оны сүүлээс эхлэн Монголбанкны зүгээс мөнгөний хатуу бодлого баримталж эхэлсэн. Ийнхүү бүтэн нэг жилийн хугацаанд мөнгөний бодлогыг тогтмол нэмж хамгийн өндөр түвшинд хүргэсэн. Мөнгөний бодлогын хүүг нэмснээр зээл олголт багассан хэдий ч тасалдаагүй хэвийн үргэлжилж байгаа гэдгийг монголбанкны зүгээс мэдэгдлээ.

Эдийн засгийн идэвхжил 2022 оны 4 дүгээр улиралд хүлээлтээс өндөр буюу 4.8 хувиар  өссөн. Үүнд БНХАУ-ын “Тэг ковид” бодлогын арга хэмжээ суларч, эрчим хүч болон худалдааны салбараас бусад салбарын идэвхжил хүлээлтээс өндөр гарсан нь нөлөөлсөн байна. Мөн хилийн хязгаарлалт суларч, уул уурхайн салбарын экспорт нэмэгдсэнээр эдийн засгийн өсөлтийн төлөв өмнөхөөс сайжрах хүлээлттэй байна. Гадаад болон дотоод нөхцөл байдал хүлээлтээс сайжирсан хэдий ч дэлхийн эдийн засгийн өсөлт саарах, нийлүүлэлтийн сүлжээний доголдол нь геополитикийн асуудлаас үүдэн цаашид эрсдэл хэвээр байна гэдгийг эдийн засагчид тайлбарлаж байна.

Гадаад эрсдэл тодорхой бус байгаа өнөөгийн нөхцөлд мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргасан нь төгрөгийн ханшийг хадгалах, банкны гадаад валютын эх үүсвэр татах хөшүүргийг бий болгосноор эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг хангах, улмаар инфляцийг зорилтот түвшин рүү илүү хурдан бууруулахад эерэг нөлөө үзүүлэх юм.