ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин эзлэн түрэмгийллээ эхлүүлснээс хойш анх удаа дайны халуун цэгт айлчилжээ

Өнгөрөгч Бямба гарагт Кремлийн тэргүүн Владимир Путин ОХУ-ын зэвсэгт хүчний хяналтад байгаа Украины Донецк мужийн Мариуполь хотод гэнэтийн айлчлал хийжээ. Владимир Путин хотын иргэдтэй уулзсан бөгөөд ОХУ-ын Шадар сайд Марат Хуснулин тус хотын сэргээн босголтын талаар түүнд танилцуулсаныг ОХУ-ын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн байгууллагууд шууд дамжуулсан байна.

Ерөнхийлөгч Путин Крымын хойгийг ОХУ-д нэгтгэсний 9 жилийн ойг тохиолдуулан Мариуполь болон Севастополь хотуудад айлчиллаа хэмээн Кремлийн хэвлэлийн төлөөлөгч ням гарагт мэдэгджээ. 2014 онд Украин болон Олон улсын хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрөөгүй ч бүх нийтийн санал асуулгын дүнгээр Хар тэнгисийн хойг бүс нутгийг ОХУ-ын газар нутгийн нэг хэсэг хэмээн зарлан тунхагласан юм. В.Путин Мариупольд айлчлах үеэрээ Оросын цэргийн түр оршин сууж байгаа сэргээн засварласан хотхонд зочилсон байна. Мариуполь нь дайны өмнө хагас сая оршин суугчтай бөгөөд уг хотод Европын хамгийн том үйлдвэрүүдийн нэг болох Азовсталь гангийн үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг байжээ. Харин дайны уршгаар гангийн үйлдвэр бүрэн сүйдэж сэргээн засварлахад ихээхэн хөрөнгө оруулалт шаардлагатайг Украины эрх баригчид мэдэгдсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт Олон улсын эрүүгийн шүүхээс олон зуун хүүхдийг Украины нутаг дэвсгэрээс хууль бусаар албадан гаргасан гэх дайны гэмт хэрэгт буруутгаж Владимир Путинийг баривчлах тушаал гаргасан байна. Харин уг шийдвэр зарлагдсаны дараа тэрбээр Украины Мариуполь, Севастополь хотуудад айлчилж олны өмнө ийнхүү ил гарсан юм. В.Путин ОУ-ын эрүүгийн энэхүү шүүхийн шийдвэрийн талаар хараахан тайлбар хийгээгүй байна. Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков дээрх шийдвэрийг "Хүчин төгөлдөр бус тул хүлээн зөвшөөрөх боломжгүй" гэж үзэж байгаагаа мэдэгджээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Мариупольд айлчилсан нь дайн эхэлснээс хойш анх удаа фронтын шугамд дөхөж ирсэн үйл явдал болсныг хэвлэлүүд онцолж байна.