Хөрсний бохирдолтой  газар  ухсан худгийн уснаас гэдэсний халдвар үүсгэгч бактери илэрч байна

1993 оноос эхлэн НҮБ-аас жил бүрийн 3-р сарны 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгохоор шийдвэрлэсэн байна. Энэ өдрийг угтан ШУА-аас Монгол орны ундны усны чанарт судалгаа хийжээ. Судалгаагаар нийслэл хотын төвлөрсөн ундны усанд фтор, иодын агууламж байх ёстой хэмжээнээс бага байгааг тогтоосон төдийгүй ундны усанд гэдэсний халдвар үүсгэгч бактери илэрсэн байна.

ШУА-ийн Экологийн химийн лабораториос хот суурингуудын ундны усны чанар, стандартад судалгаа хийсэн байна. Судалгаанд 10 аймаг болоод нийслэлийн 4  дүүргийг хамруулжээ. Судалгаанаас үзвэл говийн бүсийн нутгаар эрдэсжилт ихтэй, төв болон баруун бүсээр иод фторын агууламж бага гарчээ. Иймд ялангуяа нийслэлийн иргэд фторын бага агууламжтай ус хэрэглэх нь сөрөг нөлөөтэй тул бусад хүнсний бүтээгдэхүүнээсээ зарим амин дэмээ нөхөж байхыг анхааруулсан юм.

НЭМҮТ-өөс улиралд нэг удаа иргэд, ААН-үүдийг ундны усны чанар аюулгүй байдлаа шинжлүүлж байхыг зөвлөдөг. Харин иргэд өөрсдийн хэрэглэж буй ундны усны чанарыг шалгуулахыг хүсвэл өөрсдийн хүсэлтээр НЭМҮТ-ийн лабораториар дамжуулан шинжлүүлэх боломжтой. Иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу нийт 1000 гаруй дээжид шинжилгээ хийхэд зарим дээжид гэдэсний халдвар үүсгэгч бактер илэрсэн байна.

ДЭМБ-аас улс орнуудын усны хангамжийг хэрхэн сайжруулах, эрүүл аюулгүй ундны ус хэрэглэх зөвлөмжийг хүргэдэг. Үүнд хүн амын эрүүл мэндийг хамгаалах усны чанар хүртээмж, эх үүсвэрийн батагаа зэргийг багтаадаг. Уг зөвлөмжийн дагуу манай улс ч гэсэн өөрсдийн гэсэн стандарттай. Гэвч иргэд уг стандартыг дагалгүй дур мэдэн хашаандаа зориулалтын бус газар худаг ухаж түүнийгээ ундандаа хэрэглэх нь ийнхүү эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөөр байна.