Т.Аюурсайханыг энэ долоо хоногт ХНХ-ын сайдын албан тушаалаас чөлөөлнө

Анх нүүрсний хулгайн хэрэгт УИХ хэд хэдэн гишүүнийг холбогдуулан нэрлээд байсны нэг нь УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан юм. Тэгвэл түүнийг энэ долоо хоногт сайдын албан тушаалаас нь чөлөөлөхөөр болсон байна. УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан яллагдагчаар татагдсантай холбогдуулан сайдын албан тушаалаас чөлөөлсөн өдрөөс хойш хоёр долоо хоногийн дотор ЗГ-ын тэргүүн шинэ сайдыг томилно.  

УИХ-ын Хаврын ээлжит чуулганаар хэд хэдэн гишүүд болон сайд нарыг чөлөөлөх асуудал яригдана. Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулахын тулд хэд хэдэн гишүүнийг УИХ-ын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхээс түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагад гаргасан ч одоогийн байдлаар прокуророос санал ирээгүй байна.

Харин УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан ЗГ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ хоёрдугаар сард өгсөн бөгөөд энэ долоо хоногт багтаан сайдын албан тушаалаас чөлөөлөхөөр болсон байна.

ХНХ-ын сайд асан Сарангэрэл хүний эрхийн зөрчил гаргаж иргэдийг ялгаварласан шалтгаанаар сайдын албан тушаалаас чөлөөлөгдсөн. Тэрбээр нэг сар хүрэхгүй хугацаанд ажиллаж хамгийн богино хугацаанд ажилласан сайд болж байсан юм. Тэгвэл одоогийн сайд Аюурсайхан дөрвөн сарын хугацаанд сайдын албан тушаал хашиж ажлаас чөлөөлөгдөхөөр боллоо.