Монгол улсын 15-69 насны хүн амын 31 хувь нь илүүдэл жинтэй байна

Зүрх судасны өвчин, чихрийн шижин болоод зарим хорт хавдарын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтойг мэргэжилтнүүд хэлдэг. Харамсалтай нь Монгол улсын хүн амын дунд хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчин зонхилон тохиолдож хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг байсаар байна. Үүнд хувь хүний амьдралын буруу хэвшил голлон нөлөөлдөгийг салбарын төлөөллүүд хэлж байна.

  • Өнгөрсөн онд улсын хэмжээнд явуулж эхэлсэн эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд өнөөдрийн байдлаар нийт хүн амын 26.7 хувь буюу 900.000 гаруй иргэн хамрагдсан байна. Энэхүү үзлэг оношилгоонд хамрагдсан насанд хүрэгчдийн дунд хоол боловсруулах, зүрх судас, дотоод шүүрлийн зэрэг өвчлөл нийт тохиолдлын 86.5 хувийг эзэлж байна.
  • Дээрх өвчлөлүүдийг үүсгэгч нэг хүчин зүйл нь илүүдэл жин, таргалалт гэж үзэж байна. Харин илүүдэл жин, таргалалтын 90-95 хувь нь амьдралын буруу хэвшлээс шалтгаалдаг буюу хөдөлгөөний дутагдал, хоол хүнсний зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй байдаг байна.
  • Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэйгээр 15-69 насны хүн амын 31 хувь нь илүүдэл жинтэй байгаа бол 18.5 хувь нь таргалалттай байна. Түүнчлэн илүүдэл жин, таргалалт залуусын дунд эрчимтэй нэмэгдэх хандлага ажиглагдаж байна.
  • Илүүдэл жинтэй 15-69 насны иргэдийн 50 гаруй хувь нь ажлын байрандаа ямар нэгэн дасгал хөдөлгөөн хийдэггүй бол үлдсэн 50 орчим хувь нь амралт чөлөөт цагаараа дасгал, хөдөлгөөн огт хийдэггүй байна.

Монгол улсын нийт хүн амын дунд зонхилон тохиолдох зүрх, судас, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчин нь сүүлийн жилүүдэд залуу үеийнхэн дунд эрчимтэй нэмэгдэж байгааг салбарын төлөөллүүд онцгойлон хэлж байна. Халдварт бус өвчлөлийг багасгахын тулд хүний дадал, зуршлыг зөв болгоход анхаарах хэрэгтэй юм. Судалгаагаар тухайн зан үйлийг хүн 24-36 сарын хугацаанд тогтмол, тасралтгүй үргэлжлүүлэн хийснээр  өөрчлөгдөн төлөвшдөг байна.