Н.Учрал: Манай улсад сансрын интернэт нэвтэрснээр Монгол орны аль ч хэсгээс өндөр хурдны интернэт хэрэглэх боломж нээгдлээ

Олон улсын интернэт үйлчилгээ үзүүлэгч Starlink болон Оneweb зэрэг компаниуд Монгол улсад үйлчилгээ үзүүлэх боломжийг ЦХХХЯ-аас бий болголоо. Нам орбитыг ашиглан сансрын интернэт үйлчилгээ үзүүлэгч компаниуд манай улсад үйлчилгээ явуулж эхэлснээр Монгол улсын аль ч хэсгээс өндөр хурдны интернэтэд холбогдох боломж бүрдэж байна.

ЦХХХЯ-аас 2022 оны 4-р сард сансрын холбоонд ашиглах радио давтамжийн техникийн нөхцөл, шаардлага бүхий А/16 тушаалыг гаргасан. Уг тушаалд сансрын интернэт үйлчилгээ үзүүлэгч компаниудад газрын станц байгуулах шаардлагыг тавьсан байна. Улмаар интернэт үйлчилгээ үзүүлэгч талуудын зүгээс Монгол улсад газрын станц байгуулах боломжгүй учраас хүндрэлтэй байсан. Тэгвэл ЦХХХЯ-аас уг тушаалыг хүчингүй болгосноор сансрын интернэт үйлчилгээ үзүүлэгч компаниуд Харилцаа холбооны Зохицуулах Хороонд бүртгүүлэн үйлчилгээ үзүүлэх эрхийг нь нээж өгсөн байна.

Старлинк, Оneweb зэрэг сансрын интернэт үйлчилгээ үзүүлэгч компаниуд нь нам орбитын технологийг ашиглан интернэт үйлчилгээ үзүүлдэг юм. Өөрөөр хэлбэл тухайн компанийн төхөөрөмжийг худалдан авсан иргэн дэлхийн аль ч хэсгээс сүлжээ харгалзахгүй өндөр хурдны интернэтэд холбогдох боломжтой. Монгол улсад интернэт үйлчилгээ үзүүлдэг IPTV компаниуд иргэдэд дунджаар секундэд 50 мегабайтийн хурдыг санал болгодог.

Starlink, Viasat, Оneweb зэрэг компаниуд нь байршил харгалзахгүйгээр секундэд 200 мегабайт буюу дөрөв дахин өндөр хурдтайгаар интернэт ашиглах боломж бүрдэж байна. 

Монгол улсын газар зүйн онцлог, газар нутгийн хэмжээнээс шалтгаалан алслагдсан аймаг, сум бүрийг өндөр хурдны интернэт сүлжээнд холбох боломж хомсоос гадна өндөр зардалтай. Харин нам орбитын интернэт үйлчилгээ манай улсад ашиглагдаж эхэлснээр интернэтийн шилэн кабел, үүрэн телефоны сүлжээний антен суурилуулах шаардлагагүйгээр өндөр хурдны интернетэд холбогдох боломж бүрдлээ.