“Starlink”-ийн интернэт үйлчилгээг төвөөс алслагдсан оршин суугчдаас эхлээд Украинд эх орноо хамгаалж буй дайчид хүртэл ашиглаж байна

Дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүдийн нэг Илон маскын санаачилсан “Starlink” төсөл нь өндөр хурдны интернэтийг хэрэглэгчдэд хүргэх, уг салбарт шинэчлэл хийх зорилготой. Тэрбээр 2200 гаруй хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд хэдийн байршуулсан бөгөөд дээрх хиймэл дагуулуудаар дамжин 47 улс оронд өндөр хурдны интернэт үйлчилгээ нь нэвтэрсэн байна.

Шинжээчдийн мэдээлж байгаагаар “Нам орбит”-ын хиймэл дагуулын сүлжээг ашиглах нь алслагдсан бүс нутгийн иргэд өндөр хурдны интернэт сүлжээг харьцангуй бага өртгөөр ашиглах боломжыг бүрдүүлнэ. Дэлхийн өнцөг булан бүрээс уг үйлчилгээгээр дамжуулан интернэтэд холбогдох боломжтой.

Хэрэглэгчид хиймэл дагуулаас ирж байгаа дохиог хүлээн авагч, антен төхөөрөмжийг 499 америк.доллароор худалдан авч, үйлчилгээний төлбөрт нь сардаа 99 америк.доллар төлөх журамтай байна.

Өөрөөр хэлбэл цөөн тооны оршин суугчтай бүс нутгийн иргэд нэг хүлээн авагч төхөөрөмжийг худалдан авснаар, хэрэглэгчийн тоо хязгааргүйгээр ашиглаж, хоршоолол үүсгэн сардаа хамтран төлбөрөө төлөх боломжтой байна. 

Түүнчлэн одоогийн байдлаар өгөгдөл дамжуулах хурд нь секундэд 100-200 мегабайтийн хооронд байгаа нь бусад ийм төрлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын санал болгож байгаа үзүүлэлттэй харьцуулахад хамаагүй өндөр байгааг хэвлэлүүд мэдээлжээ. Цаашдаа дэд бүтэц боловсронгуй болж, хөгжихийн хэрээр сүлжээний үзүүлэлтүүд сайжирна. Мөн хиймэл дагуулуудын тоог олшируулснаар өгөгдөл дамжуулах хурд нэмэгдэж, дохио саатах хугацаа багасна гэдгийг “Starlink” компанийн инженерүүд мэдэгджээ.

“Starlink”  интернэт сүлжээг амазоны ширэнгэн ойд төвөөс алслагдан амьдарч байгаа нутгийн иргэдээс Украинд эх орноо хамгаалан тулалдаж байгаа дайчид хүртэл ашиглаж байна.