В.Путин, Ши Жиньпин нар Хятадын эрх баригчдын санаачилсан Орос-Украины дайныг дуусгавар болгох энхийн төлөвлөгөөг хэлэлцэнэ

Өнгөрөгч даваа гарагт БНХАУ-ын дарга Ши Жиньпин Орос-Украины дайн эхэлснээс хойш анх удаа Москва хотноо зочилж, Кремлийн эрх баригчидтай яриа хэлэлцээ өрнүүллээ. Ши Жиньпинийн дээд хэмжээний төрийн айлчлалын эхний хэвлэлийн хурлын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Бид яриа хэлэлцээнд үргэлж нээлттэй ханддаг, тийм биш гэж үү, дотны нөхөр Ши Жиньпин” хэмээн хэлснийг хэвлэлүүд онцложээ. БНХАУ-ын эрх баригчид өнгөрсөн сард ”Украины хямралыг дуусгавар болгох” 12 зүйл, заалт бүхийн энхийн төлөвлөгөөгөө танилцуулсан юм.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин "Эрхэм дарга, дотны нөхөр Ши Жиньпин  та ОХУ-д тавтай морил. БНХАУ-ын даргаар улиран сонгогдсонд тань биечлэн баяр хүргэх завшаан ийнхүү тохиож байгаад миний бие баяртай байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд Хятадын ард түмэн болон Коммунист намын төлөөлөгчид таны хүчин чармайлт, үнэ цэнийг олж харан дуу нэгтэйгээр улиран сонгосонд би болон ОХУ-ын ард түмэн баяртай байна.  Сүүлийн жилүүдэд Хятад улс хөгжлийн хувьд асар том үсрэлт хийсэн. Үүгээрээ дэлхий дахины анхаарлыг татаж, эдийн засгийн ашиг сонирхол тань үлэмж хэмжээгээр нэмэгдэж байгаад бид битүүхэндээ атаархаж байна. Мөн Украины хямралыг зохицуулах талаар та нөхдийн гаргасан саналыг бид сайтар судалсан. Мэдээж бидэнд уг асуудлыг хэлэлцэх боломж, хугацаа байна. Та болон Хятадын эрх баригчид шударга ёсны зарчим, Олон улсын эрх зүйн үндсийг хүндэтгэх, ОУ-ын хамтын нийгэмлэгүүдийн зарлан тунхагласан улс орон бүрийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх зэрэг зарчмуудыг баримталж байгаа гэдгийг бид ойлгож байгаа. Мөн бид хэлэлцээрийн үйл явцад үргэлж нээлттэй ханддаг гэдгийг та бас сайн ойлгож байгаа гэдэгт найдаж байна. Бид эдгээр асуудлуудыг, тэр дундаа таны санаачилсан энхийн төлөвлөгөөг хэлэлцэх болно" хэмээн хэлсэн юм.

Владимир Путин ийнхүү мэдэгдсэний дараа БНХАУ-ын дарга Ши Жиньпин "Таны хүчирхэг удирдлага дор Орос улс цэцэглэн хөгжих замдаа асар их амжилт, ололт гаргасан. Цаашдаа Оросын ард түмэн танд тууштай дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна" хэмээн товчхон хариултыг өгсөн байна.

Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын зуучлалаар сүүлийн долоон жилийн хугацаанд харилцаа нь хурцадмал түвшинд хүрээд байсан Иран, Саудын Араб улсууд эвлэрлийн гэрээ байгуулсан нь дипломат ялалт болсон юм. Тэгвэл шинжээчид, судлаачид БНХАУ-ын хувьд ОХУ нь эрчим хүчний эх үүсвэрээ бүрдүүлэх стратегийн найдвартай түнш, хөрш бөгөөд АНУ-ын ноёрхлыг хязгаарлах хамтрагч гэдгийг ч өмнө нь мэдэгдэж байсан юм. Харин Украины хямрал бол тэс өөр нөхцөл байдал төдийгүй тусгаар улсын бүрэн бүтэн байдлыг хамгаалахын тулд Бээжингийн тал энэ удаа дорвитой хөдлөх төлөвтэй байна. Ши Жиньпин оху дахь айлчлалаа өндөрлүүлснийхээ дараа Украинд гэнэтийн айлчлал хийж болзошгүй гэж шинжээчид үзэж байна. Нөгөө талд Украины эрх баригчид уг ажлыг зохион байгуулахын тулд идэвхтэй ажиллаж байгаа талаар мэдээлжээ.

Даваа гарагт Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Маргааш Украин дахь ОХУ-ын цэргийн тусгай ажиллагааны талаар дэлгэрэнгүй тайлбарыг удирдагч нар өгөх болно” гэдгийг цохон тэмдэглэжээ. Айлчлалын гол өдөр буюу мягмар гарагт Орос, Хятадын төлөөлөгчид хэлэлцээ хийнэ.