Газар хөдлөлтийн аюулын эрсдэлийг илүү зөв үнэлж аврагчдыг сургах, багаж хэрэгслээ сайжруулах зэрэгт анхаарах шаардлагатай

Судалгаанаас харахад жил ирэх тусам Монгол улсад газар хөдлөлтийн чичирхийлэлийн тоо нэмэгдэж, гамшиг нүүрлэх магадлал улам ихэсч байна гэж мэргэжлийн байгууллагууд тодорхойлж байна. Өнгөрсөн 20-р зуунд дэлхийн хэмжээнд магнитуд нь 8 ба түүнээс хүчтэй газар хөдлөлт 33 удаа тохиолдсоны 4 нь Монгол улсад болсон байдаг. Жишээ дурдахад 1957 онд Говь-Алтай аймагт болсон газар хөдлөлтөд 10 гаруй хүний амь эрсдсэн гэх тоон баримт байгаа юм.

Туркэд болсон газар хөдлөлтийн голомтод очсон Монгол улсын Онцгой байдлын алба хаагчдын хэлснээр их хэмжээний гамшиг тохиолдсон үед нэгдсэн зохион байгуулалтыг хийх хэрэгтэйгээс гадна иргэдийн сэтгэлзүйг бэлтгэж өөрийнхөө аюулгүй байдлыг хангахад сургах хэрэгтэй байна гэсэн юм. Мөн аюулын эрсдлийг илүү зөв үнэлж аврагчдыг сургах, багаж хэрэгслээ сайжруулах зэрэгт анхаарах шаардлагатай байгааг онцлон ярьж байна.

Гамшиг тохиолдох эрсдэлтэй буюу хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн гэх мэдээлэл иргэд хүлээн авсны дараа өөрийгөө хамгаалах арга хэмжээ авч эхлэх ёстой ч манай улсын иргэд энэ талаарх мэдээлэл дутмаг байна. Турк, Сирид болсон газар хөдлөлтийн үеэр манай улсын иргэд цахим орчинд амьдралын гурвалжин гэх зарчмаар өөрийгөө хамгаалах нь илүү зохиостой гэж нийтэлж байсан. Тэгвэл энэ зарчим нь тухайн хүнийг бэртэж гэмтэх, амь насаараа эрсдэх магадлалыг бууруулна гэж Онцгой байдлын газрын төлөөллийн зүгээс хэлж байна. 

Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгч станцуудаар дамжуулан мэргэжлийн хүмүүс хүчтэй баллын газар хөдлөлтийн мэдээлэл хүлээн авбал иргэдэд дуут дохио болон телевиз, үүрэн холбооны дугаараар дамжуулан утсаар мэдээлдэг байна. Мөн газар хөдлөлттэй холбоотой чичирхийлэл мэдрэгч станцууд цаашлаад хурдатгал мэдрэгч төхөөрөмж зэргийн тоог орон нутагт илүүтэйгээр нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм байна.

Монгол улсын хэмжээнд өдөртөө сулавтар буюу иргэдэд төдийлөн мэдэгдэхгүй 200 орчим газар хөдлөлтийн чичиргээ үүсдэг байна. Энэ нь жилд 60-70 мянган газар хөдлөлт бүртгэгддэг гэсэн үг. Газар хөдлөлт нь хавтангуудын хөдөлгөөнөөс гадна хүний хүчин зүйлээс шалтгаалж газар хөдөлж болдог. Жишээлбэл, газрын тос олборлодог хэсэгт газар хөдлөлтийн тоо, хүч ихсэх тохиолдол байдаг юм байна.