Африк тивийн Уганда улсын парламентын танхим ижил хүйстнүүдийг баривчлан, шоронд хорих хуулийн төсөл баталжээ

Африк тивийн Уганда улсын парламентын танхим ижил хүйстэн буюу бэлгийн цөөнх иргэдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн төслийг хэлэлцэн баталжээ. “Ижил хүйстэн гэж өөрийгөө тодорхойлсон хүмүүсийг найз нөхөд, гэр бүл, хамт олон нь илчлэх буюу хуулийн байгууллагад мэдэгдэх үүрэгтэй” хэмээн уг хуулийн төсөлд тусгасан байна.

Уг хуулийн төсөлд Ерөнхийлөгч Мусевени гарын үсэг зурж баталгаажуулснаар хууль албан ёсоор хэрэгжиж эхлэнэ. Иргэдийг бэлгийн баримжаагаар нь эрүүгийн хариуцлагад татах зорилготой энэхүү хуулийн төслийг энэ сарын эхээр өргөн мэдүүлжээ. Хуулийн төсөлд тусгаснаар ижил хүйстэн гэдгийг нь хөндлөнгийн гэрчүүд нотолсон тохиолдолд дээрх хүмүүст бүх насаар нь хорих ял шийтгэл онооно.

Үүнээс гадна хуулийн төсөлд бэлгийн цөөнхийг сурталчилсан, санхүүжүүлсэн, дэмжлэг үзүүлсэн аж ахуйн нэгж, хувь хүнд 4-8 жилийн ял ногдуулна гэж заажээ. Тус улсад ижил хүйстний бэлгийн чиг баримжаа олгохгүй байгаа нь бие махбодийн болон цахим хүчирхийлэлд өртөх нөхцөлд хүргэж байгаа талаар Уганда дахь идэвхтнүүд болон бэлгийн цөөнх иргэд Өрнөдийн хэвлэлд ярьжээ.

Ийнхүү хүний эрхийг ноцтой зөрчсөн шийдвэр гаргасан Уганда улсын эрх баригчид Өрнөдийн улс орнуудын шүүмжлэлд ихээр өртөж байгаа төдийгүй тус улсад оруулах гадны хөрөнгө оруулалт зогсох эрсдлийг ч нэмэгдүүлжээ.Тиймээс Ерөнхийлөгч Мусевени дээрх хуулийн төсөлд бүхэлд нь хориг тавихаар төлөвлөж байна гэж шинжээчид үзэж байна.