Улс даяар 2023 оны 3-р сарын 25-ны үүрийн 2:00 цагаас эхлэн зуны цагийн хуваарьт шилжих талаар санал авч байна

Улс даяар 2023 оны гуравдугаар сарын 25-ны үүрийн 2:00 цагаас эхлэн зуны цагийн хуваарьт шилжих буюу цагийн тооллыг нэг цагаар урагшлуулах Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулан яамдаас санал авч эхлээд байна. Ингэснээр хөдөлмөрийн бүтээмж, эрчим хүчний хэмнэлт, цаашлаад эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна. Өмнө нь манай улс хэд хэдэн удаа зуны цагийн хуваарьт шилжиж байсан ч иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна гэж үзэн эргэн түдгэлзүүлж байжээ.

Дэлхийн зарим улс орон зуны цагийн хуваарийг хэрэгжүүлдэг. Ингэснээр тухайн улс орнуудад гэмт хэргийн гаралт буурах, эрчим хүчний хэрэглээг хэмнэх, жижиглэнгийн худалдаа болон үйлчилгээний салбарт орох ашиг нэмэгдэж эдийн засгийн үзүүлэлт сайжирдаг. Харин Монгол улс өмнө нь зуны цагийн хуваарьт хэд хэдэн удаа шилжиж байсан туршлага бий. Тухайн үед өөрийн улс орны онцлогийг харгалзан авч үзэлгүй, ямар нэгэн нарийн судалгаа шинжилгээ хийлгүй хэрэгжүүлсэн нь эргэн энэ шийдвэрээ хүчингүй болгоход хүргэж байжээ. Тиймээс энэ удаад цагийн хуваарийн шилжилтийг хийхдээ эрүүл мэнд, эрчим хүч, үйлчилгээ зэрэг олон салбарыг харгалзан авч үзэн судалгаа хийж тохирох үгүйг нарийн тооцох хэрэгтэй гэдгийг эдийн засагчид хэлж байна.

2017 онд хийсэн судалгаагаар цагийг урагшлуулснаас үүдэж АНУ-ын эдийн засагт улсын хэмжээнд нийтдээ 434 сая ам.долларын хохирол учруулсан байна. Цаашлаад тус улсын иргэдийн эрүүл мэндэд сөргөөг нөлөөлж, бүтээмжийг нь бууруулж, ажлын байрны гэмтэл бэртэлийн тоог өсгөсөн байна. Харин өнөөдрийн байдлаар дэлхий дээр 70 орчим улс зуны цагийн хуваарьт шилждэг бөгөөд түүхэндээ нийтдээ 143 улс өмнө нь цагийн хуваарьтаа өөрчлөлт оруулж байжээ. Үүнээс харвал цагийн өөрчлөлт нь улс орон бүрт харилцан адилгүй үйлчилж байна.

Энэ удаа зуны цагийн хуваарьт өөрчлөлт оруулбал энэ нь есдүгээр сарын 30-н хүртэл үргэлжлэнэ. Урт өвлийн улиралтай манай улсад нар мандах, шингэх цагийг харгалзан цагаа хөдөлгөх нь үр өгөөжтэй гэж зарим эрх баригчид үзэж байна. Харин зарим эдийн засагчдын үзэж буйгаар зуны цагийн хуваарийг хэрэгжүүлснээс илүүтэйгээр ААН, байгууллагууд ажилчдаа уян хатан цагийн хуваариар ажиллуулахад анхаарах нь тэдний эрүүл мэнд, үр бүтээмжийг дээшлүүлнэ гэж үзэж байна.

Мөн цагийн хуваарийн шилжилтийг хийх бол урьдчилж сайн бэлдэх ёстой. Тэр дундаа агаарын навигаци буюу тухайн улсын агаарын хилийг дамжин өнгөрөх нислэгт цагийн хуваарийг нарийн тохируулахад цаг хугацаа шаардлагатай.