Улсын хэмжээнд салсан гэр бүлийн дөнгөж 20-30 гаруй хувь нь л хүүхдийн тэтгэмжээ өгдөг байна

Монгол улс 1999 онд баталсан гэр бүлийн тухай хуулийг одоог хүртэл дагаж мөрдөж байгаа. Гэтэл нийгмийн өөрчлөлтөөс шалтгаалж гэр бүлийн олон хэлбэр үүсэн янз бүрийн маргаан дагуулж байгаа нь тус хуулиар нарийн зохицуулах боломжгүй нөхцөл байдал үүсгээд байгаа юм. Мөн гэр бүл салалтын хамгийн том хохирогч бол хүүхэд байна. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар хүүхдийн тэтгэмжийн хэмжээ хэт бага буюу тухайн хүүхдийн хэрэгцээг хангаж чадахгүй байгаа юм

Тэгвэл одоо мөрдөгдөж байгаа гэр бүлийн тухай хуулиар тухайн бүс нутгийн амьжиргааны доод түвшинээр тооцон хүүхдэд мөнгөн тэтгэмж олгож байгаа юм. Энэ нь хүүхдийн наснаас шалтгаалан өөр өөр байх бөгөөд 100.000-300.000 төгрөгийг л тэтгэмж болгон өгч байна. Гэвч энэ мөнгөн дүн нь одоогийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд хүүхдийн наад захын хэрэгцээ ч хангаж чадахгүй байгаа юм. Үүнээс гадна тухайн хүүхдийн хууль ёсны асран хамгаалагч нь нөгөө этгээдээсээ хүүхдийн тэтгэмжийг авахгүй байх тохиодол их байна. Улсын хэмжээнд салсан гэр бүлийн дөнгөж 20-30 гаруй хувь нь л хүүхдийн тэтгэмжээ өгдөг байна. Угтаа бол биологийн эцэг, эх нь гэж тогтоогдсон бол хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээж, тэжээн тэтгэх үүрэгтэй.

Гэр бүл нь нийгмийн анхдагч үндсэн нэгж. Энэ талаарх зөв ойлголт, эцэг эх байх үүрэг, хариуцлага, гэр бүл төлөвлөлтийн талаарх ойлголт муу зэргээс шалтгаалж олон сөрөг үр дагавар нийгэмд үүсэж байна. Тиймээс гэр бүл төлөвлөлт болоод үүний суурь боловсролыг ебс-ийн хөтөлбөрт оруулах, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулж гэр бүлийн талаарх ойлголтыг сайнаар суртачилан таниулах, бүх салбарын байгууллага гэр бүлд ээлтэй бодлого явуулах, гэр бүлийн тухай хуулийг яаралтай шинэчлэх  шаардлагатай байна.

Үндэсний стастискийн хорооны судалгаагаар нэг жилд дунджаар 4000 гаруй гэр бүл гэрлэлтээ цуцлуулж байна. Үүнээс харвал өдөрт 10 гэр бүл салж байна гэсэн үг юм. Мөн судалгаагаар 25-35 насны хосуудын дунд гэр бүлээ цуцлуулах тохиолдолд их байна. Цар тахлын дараах эдийн засгийн хүндрэлээс шалтгаалж гэр бүлийн гишүүд гадны орныг зорьж ажил хөдөлмөр эрхлэх болсон. Үүнээс шалтгаалж олон гэр бүл гэрлэлтээ цуцлуулж байгаа талаар салбарын төлөөлөл хэлж байгаа юм.

Мөн 2006-2009 он хүртэл шинээр гэрлэсэн хосуудад 500.000 төгрөгийн мөнгөн тэтгэмж олгосон. Тэтгэмж олгосон жилүүдэд гэрлэлтээ батлуулсан хосын тоо 3 дахин нэмэгдсэн юм. Гэвч тус онд эсэргээрээ гэр бүл цуцлалт огцом нэмэгдсэн байдаг. Угтаа бол гэр бүлд шууд мөнгөн дэмжлэг олгох хэлбэрийн бодлого явуулах нь буруу бөгөөд орон сууцны ипотекийн зээлийн хөнгөлөлт, гэр бүлийн гишүүдийг ажлын байраар хангах зэргээр гэр бүлийг төрийн бодлогоор дэмжих хэрэгтэй юм.