АНУ-ын сенаторууд Хятадын Тик-Ток платформыг хянах эрхийг худалдааны сайдад олгох, цаашид хэрэглээг хориглох хуулийн төслийг өргөн барилаа

Өнгөрөгч лхагва гарагт АНУ-ын Сенатын танхим дахь хоёр намын бүлгийн сенаторууд Хятадын Тик-Ток платформыг хянах эрхийг АНУ-ын Худалдааны сайдад олгох хуулийн төслийг Засгийн газартаа өргөн барьжээ. Сенаторууд уг платформыг үндэснийх нь аюулгүй байдалд аюул занал учруулж байгаа гэж үзэн тус цахим сүлжээний хэрэглээг хязгаарлахад онцгой анхаарал хандуулж эхлээд байгааг хэвлэлүүд онцолж байна.

Өргөн барьсан хуулийн төсөл нь Тик-Ток болон үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулж байгаа бусад технологийн компаниудын үйл ажиллагааг хориглох хүртэл арга хэмжээ авах эрхзүйн орчныг бүрдүүлнэ гэж хамтарсан мэдэгдэлдээ онцолжээ. Түүнчлэн ахмад сенаторууд Тик-Ток-ийн бага насны хүүхдүүдэд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийн талаар санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна.

Харин Тик-Ток-ийн толгой компаниас гаргасан мэдэгдэлд "АНУ-аас Тик-Ток-д тавьсан аливаа хориг нь манай үйлчилгээг дэлхий даяар ашигладаг тэрбум гаруй хүмүүст америкийн соёл, үнэт зүйлийг экспортлохыг хориглосон явдал юм" гэжээ. Түүнчлэн өнгөрсөн пүрэв гарагт тус компанийн ерөнхий захирал хуулийн төслийн анхны сонсголд оролцсон төдийгүй хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахын тулд холбооны шүүхэд гомдол гаргана гэдгээ мэдэгджээ. Дээрх хуулийн төслийн сонсгол ирэх долоо хоногт дахин үргэлжлэх бөгөөд эрх баригчид нэгдсэн зөвшилцөлд хүрсэн тохиолдолд хууль албан ёсоор хэрэгжиж эхэлнэ.

Өмнө нь Цагаан ордны засаг захиргаа төрийн албан хаагчдын Тик-Ток платформыг ашиглах эрхийг 2023 оноос эхлэн хязгаарлах шийдвэр гаргасан юм.