Японы эрх баригчид “Тик-Ток” цахим платформыг хориглох санаачилгыг гаргана

Японы эрх баригч Либерал ардчилсан намын хэсэг бүлэг хууль тогтоогчид “Тик-Ток” зэрэг цахим сүлжээний платформуудыг хориглох санаачилгыг гаргах төлөвлөгөөтэй байна. Тодруулбал хуурамч мэдээлэл тарааж байгаа цахим сүлжээний хэрэгслүүдэд хориг тавих саналыг ирэх сарын эхээр Засгийн газартаа танилцуулна.

Японы хэсэг бүлэг хууль тогтоочид “Тик-Ток” тэргүүтэй цахим сүлжээний хэрэгслүүд нь хуурамч мэдээлэл тарааж байгаа нь тогтоогдвол, мөн хэрэглэгчийн мэдээллийг цуглуулж байгаа нь бодитой эсэх нь нотлогдвол уг платформын хэрэглээг хязгаарлах, хориглох боломжтой гэж үзэж байна. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын хоёр төлөөлөл бүхий бодлого боловсруулагчид Хятад улсад төвтэй сүлжээний платформын хэрэглээг улс даяар хориглохыг Жо Байдены засаг захиргаанд уриалсан байна. Нэгдсэн улсын эрх баригчид уг платформ нь мэдээлэл цуглуулах, контентыг цензурдах, хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндэд хор хөнөөл учруулж байгаа гэж буруутгаж байгаа юм.

2023 он гарснаас хойш Канад, Их Британи, Нидерланд, Бельги, Шинэ Зеланд зэрэг улсуудын Засгийн газар “Тик-Ток” тэргүүтэй цахим сүлжээний хэрэгслийн хэрэглээг хориглох шийдвэр гаргасан байна. Учир нь хэрэглэгчийн мэдээллийг хууль бусаар цуглуулж байсантай холбоотой гэж тайлбарласан байна.

Харин Японы хууль тогтоогчид “Тик-Ток” платформын өгөгдөл боловсруулах болон мэдээлэл дамжуулах чадварыг сайтар судалж, баримт нотолгоо үйлдсэний дараа хориг тавих албан ёсны шийдвэр гаргана гэж эх сурвалжууд Ройтерс агентлагт ярьжээ.