Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан УИХ-ын чуулганд өргөн барихад бэлэн болсон байна. Тодруулбал 2019 онд хийсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх УИХ-ын тогтоол гарсан. Тэгвэл тогтоолын дагуу энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр болжээ
2019 онд хийсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор УИХ-аас 2020 онд 2-р тогтоолыг баталсан бөгөөд үүний хүрээнд 31 хуулийг батлах ёстойн нэг нь Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга юм. Хуулийн шинэчилсэн найруулга гурван парламент дамжсан бөгөөд тогтоол ёсоор энэ хаврын чуулганд багтан хэлэлцэх ёстой юм.
Хуулийн төслөөр олон жил яригдсан улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгож, намуудын төлөвшил болоод хатуу гишүүнчлэлийн асуудлыг шинэчилнэ.
УИХ-д суудалтай намуудын төлөөлөл хуулийн шинэчилсэн найруулгыг дэмжсэн байр суурьтай байгаа бөгөөд олон нийтийн хүлээлтэд байгаа хуулийн төсөл юм байна.
Одоо хэрэгжиж буй Улс төрийн намын тухай хууль хэт ерөнхий, намуудад далд байдлаар санхүүжих боломжийг олгосон гэж хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсэг үзэж байгаа юм. Иймээс Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн найруулж алдаа дутагдлаа засах боломжтой гэж үзэж байна.