2023 онд дотоодын хүнс үйлдвэрлэгчдэд 135 тэрбум төгрөгийн зээл олгоно

Монгол улс нийт хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүнийхээ 50 орчим хувийг дотоодоосоо хангадаг байна. Тэгвэл дотооддоо үйлдвэрлэх хүнсний бүтээгдэхүүний хувийг нэмэгдүүлэх зорилгоор хүнс хөдөө аж ахуйн салбарын хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон. Мөн дотоодын хүнс үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор 2023 онд 135 тэрбум төгрөг, дараагийн таван жилийн хугацаанд 1.7 их наяд төгрөгийн санхүүжилтийг төсөвлөжээ. 

УИХ-аас хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг баталсан. Тэгвэл үүний хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн салбарын хэд хэдэн хуулийн төслүүдэд нэмэлт өөрчлөлт оруулахаар болжээ. Үүнд: 

  • Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл
  • Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуулийн төсөл
  • Хүнсний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Улсын их хурлын 1999 оны 27 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл
  • Ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  • Тариалангийн даатгалын тухай хуулийн төсөл
  • Бэлчээрийн тухай хууль
  • Ерөнхий боловсролын хоол үйлдвэрлэлийн тухай хууль зэрэг 5 үйл ажиллагааны чиглэлд 10 гаруй хуулийн төсөл өргөн барина.

Харин дотоодын хүнс үйлдвэрлэгчдийн зүгээс төрийн байгууллагын бодлого уялдаагүй, статистик мэдээллээ шуурхай боловсруулж чаддаггүй зэрэг шалтгааны улмаас хангамж хэрэгцээ болоод төлөвлөлт хийхэд хүндрэлтэй байдаг байна.

Мөн хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор сав баглаа боодлыг стандартын дагуу дотооддоо үйлдвэрлэхэд дэмжлэг хэрэгтэй. Тухайлбал мах, сүү, ундны ус хадгалах сав зориулалтын бус байгаагаас үүдэж иргэдийн эрүүл мэндэд эрсдэл үүсэж байгааг онцолж байна.

Албаныхны зүгээс хуулийн өөрчлөлтийг хийж дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжсэнээр дотооддоо зарим төрлийн хүнсийг бүрэн хангах боломжтой гэж үзэж байгаа бөгөөд үүнийг даган иргэдийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх боломжтой.