Банкны салбарын хэмжээнд 10 зээл тутмын нэг нь чанаргүй байна

Цар тахлын үед эдийн засгийн хүндрэлээс шалтгаалж Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ 5 удаа нэмэгдүүлсэн. Үүнээс шалтгаалж банкны салбарын зээлийн өсөлт саарсан. Харин өнгөрсөн оноос эхэлж иргэдийн дунд зээлийн эрэлт нэмэгдэж байна. Мөн банкууд эдийн засгийн гол салбаруудын сэргэлтийг дэмжих хангалттай өөрийн хөрөнгөтэй байна гэж Монголын банкны холбооноос мэдээллээ.

Банкны зээл нь эдийн засгийг дэмжих гол хөдөлгүүрийн нэг юм. 2022 оны хувьд худалдаа, үйлчилгээний салбарт олгосон зээл нь өнгөрсөн оны үеэс 6 орчим хувиар өссөн байна. Энэ нь эдийн засгийн өсөлтөд тодорхой хувиар нөлөөлжээ. Мөн тус онд банкууд иргэдэд хэрэглээний зээл буюу цалин, тэтгэвэр болон хадгаламж барьцаалсан зээлийг түлхүү олгосон бөгөөд энэ хэрээр өнгөрсөн онд иргэдийн зээлийн эрэлт өндөр байжээ.

Банкны салбарын хэмжээнд 10 зээл тутмын 1 нь чанаргүй байна. Өөрөөр хэлбэл, банкуудын зээлийн чанар хэвийн түвшинд байна. Иргэдийн хэрэглээний чанаргүй зээл хэвийн түвшинд байгаа хэдий ч картын болон автомашины чанаргүй зээл нэмэгдэх төлөвтэй байна.

Тэгвэл 2022 оны хувьд гадаад орчны тодорхой бус байдлаас шалтгаалан иргэдийн дунд валют нөөцлөх, валют хадгалах сонирхол өндөр байгаа нь төгрөгийн хадгаламж буурахад нөлөөлсөн байна. Тиймээс банкууд бэлэн валют шаардлагатай тохиолдолд худалдаалахгүй байх шийдвэрийг авч ажиллажээ. Төгрөгийн ханш унаж байгаагаас шалтгаалж иргэд валютын хадгаламж нээж эхэлбэл хий эрэлт үүсгэх нөхцөл байдалд хүргэх байсан гэж Монголын банкны холбооноос мэдээллээ.