Киевийн тэргүүн Володимир Зеленський БНХАУ-ын удирдагч Ши Жиньпинийг Украинд айлчилж, дайны хөлд нэрвэгдсэн ард түмэнтэй биечлэн уулзах урилгыг илгээсэн талаараа мэдээлжээ. Мөн тэрбээр дайн эхэлснээс хойш Хятадын удирдагчтай огт холбоо бариагүй гэдгээ цохон тэмдэглэсэн байна.
Украины Ерөнхийлөгч В.Зеленський Ши Жиньпин даргын айлчлалтай холбоотой бэлтгэл ажлыг хэдийн хангасан бөгөөд одоо Хятадын талаас хариу өгөхийг хүлээж байгаа гэдгээ Ройтерс агентлагт ярьжээ.
Өнгөрсөн долоо хоногт Ши Жиньпин дарга ОХУ-д айлчилсны дараа Володимир Зеленський Хятадын удирдагчтай ярилцах хүсэлтэй байгаа гэдгээ хэвлэлүүдэд уламжилсан юм. Харин Ши Жиньпин Украинд айлчлах эсэх талаар Хятад улсын Гадаад хэргийн яамнаас шууд хариу өгөхөөс татгалзсан байна.
Хятад улс олон арван жилийн турш хөрш зэргэлдээх ОХУ-тай эдийн засаг, улс төрийн хувьд найдвартай түнш нь болж, хамтран ажиллаж ирсэн. Мөн Украины дайн эхэлснээс хойш Бээжин төвийг сахих албан ёсны байр суурь баримталж, дипломат хамгаалалт хийсээр байна.
Харин Украины Ерөнхийлөгч В.Зеленський ОХУ-ын эзлэн түрэмгийлэл эхлэхээс өмнө Ши Жиньпин даргатай тогтмол харилцаа холбоотой байсан гэдгээ цохон тэмдэглээд, хоёр улс хөдөө аж ахуйн салбарын түншлэлээ өргөжүүлэх боломжтой талаар Хятадын удирдагчтай нэг бус удаа яриа хэлэлцээ өрнүүлж байснаа хэвлэлд ярьсан байна.