2022 онд ОХУ-ын иргэн, 12 настай Мария охин дайныг эсэргүүцэж байгаа гэдгээ уран зургаар илэрхийлсэн ч хуулийн байгууллагаас түүний асран хамгаалагчид шийтгэл ногдуулна гэж огт төсөөлөөгүй байна. Өнгөрөгч мягмар гарагт Мария охины ганц бие эцэг 53 настай Алексейд Оросын Зэвсэгт хүчний нэр хүндийг гутаасан, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэхээс татгалзсан гэх шалтгаанаар шүүхээс хоёр жилийн хорих ял ногдуулжээ.
2022 оны 4-р сард 12 настай Мария охин уран зургийн хичээл дээрээ ОХУ-ын зэвсэгт хүчний эзлэн түрэмгийллийг буруутгасан утга бүхий уран зургийг зурсан нь түүний эцгийг шоронд хорих шалтгаан болно гэдгийг тэрээр огт төсөөлөөгүй байжээ. Өнгөрөгч 3-р сард ОХУ-ын нийслэл Москва хотоос холгүй орших Ефремов хотын шүүхээс Мария охинд албан ёсоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд хуулийн дагуу насанд хүрээгүй иргэний асран хамгаалагч хариуцлага хүлээхээр болсон байна. Улмаар Мария охиныг асрамжийн газар илгээж, шүүхийн тогтоол гарах хүртэл түүний эцгийг гэрийн хорионд байлгажээ. Харин мягмар гарагт шүүхийн шийдвэр зарлагдсан бөгөөд өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүх хуралд оролцсон Алексейд хоёр жилийн хорих ял ногдуулжээ.
Эргэн сануулахад Мария охин өнгөрсөн оны 4-р сард дайныг эсэргүүцэж, зураг зурсан нь хууль сахиулагчдын анхаарлыг татсан бөгөөд тэр цагаас хойш түүний ганц бие эцгийн цахим хаягуудыг эрх баригчид шалгах болсон байна. Тэрээр Оросын эзлэн түрэмгийллийг үргэлж буруутгасан мэдэгдлийг цахим хуудастаа нийтэлдэг байсан төдийгүй түүний охины зурсан зураг нь ч дайныг эсэргүүцэж, энх тайвныг бий болгохтой холбоотой байсныг хэвлэлүүд мэдээлжээ. Улмаар олон улсын анхаарлыг татаж эхэлсэн байна.
Тэгвэл мягмар гарагт шүүхээс түүнд хоёр жилийн хорих ял ногдуулсны дараа Алексей гэрийн хорионоос оргосон гэдгийг хуулийн байгууллагаас мэдээлсэн байна. Үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө шоронд хоригдох ялаар шийтгүүлсэн Алексейг хэсэг бүлэг цагдаагийн алба хаагчид гэрийн хорионоос оргуулсан байж болзошгүй гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. Хэрэгтнийг оргуулсан байж болзошгүй цагдаагийн алба хаагчдыг ОХУ-ын Дотоодыг Аюулаас хамгаалах албанаас шалгаж эхэлсэн байна.