ЗГ: Эрдэнэбүрэнгийн УЦС-ын нөлөөлөлд өртөж буй иргэдэд олгох нөхөн олговрыг 2024 оны төсөвт тусгана

Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын талаар болон нэр бүхий УИХ-ын гишүүдийн боловсруулж байгаа сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар хэлэлцлээ. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын явцад нөлөөлөлд өртөж буй иргэдэд олгох нөхөн олговрыг 2024 оны төсөвт суулгаж бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр болжээ.

Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулах ажлын хэсэг гаран ажиллаж эхэлсэн. Тэгвэл өчигдөр ажлын хэсэг хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг засгийн газарт хүргүүлсэн бөгөөд уг төсөлд засгийн газраас 30 гаруй саналыг дэвшүүлсэн байна. Засгийн газраас хувь тэнцүүлсэн тогтолцоогоор өрсөлдөх нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэйчүүд байх саналыг хүргүүлсэн байна. Эрх барих түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлснээр нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Хуралдаанаар баруун гурван аймгийн газар нутагт баригдах Эрдэнэбүрэн усан цахилгаан станцын байгаль орчны менежментийн үнэлгээ хийх, бүтээн байгуулалтын явцад нөлөөлөлд автах айл өрхүүдэд олгох нөхөн олговрыг 2024 оны төсөвт тусгахаар болсон байна.

Ерөнхий сайд их дээд сургуулийн оюутан, багш нартай хийх уулзалтын үеэр хэд хэдэн саналыг гаргасан. Тэгвэл үүний дагуу оюутан цэрэгт элсэгчдийн тоог 1500 болгох, оюутнууд нийтийн тээврээр сард 22 удаа зорчдог байсныг 44 болгон өөрчлөх шийдвэрийг гаргасан байна.

Мөн хуралдаанаар оюутнуудын эрүүл мэндийн даатгалын асуудал хөндөгдсөн бөгөөд нийт оюутнуудын 10 хүрэхгүй хувь нь даатгалд хамрагддаг. Үүнээс улбаалж эрт үзлэг зэрэгт хамрагдаж чаддаггүй. Тэгвэл эрүүл мэндийн даатгал хамаарахгүйгээр нэг удаа эрт илрүүлэгд хамруулахаар боллоо.