Нарны хороолол, Алтай хотхон орчимд авто замын нэг урсгалтай болох зохицуулалтын туршилтын ажил өчигдөр өглөөний 06:00 цагаас эхэллээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах зорилгоор Нарны хороолол, Алтай хотхон орчимд авто замын нэг урсгалтай болох зохицуулалтын туршилтын ажлыг өчигдөр өглөөний 6 цагаас эхлэн хэрэгжүүлсэн. Тэгвэл өчигдөр өглөөний 10-11 цагийн байдлаар хөдөлгөөний ачаалал оргил үеийнхтэй дүйцэхүйц байгаад иргэд ихээхэн бухимдаж байна.

Тус хорооллын оршин суугчид уг хэрэгжилтэд ихээхэн шүүмжлэлтэй байна. Өчигдөр өглөөний байдлаар Алтай хотхон болон Нарны гүүр орчимд түгжрэл оргил үеийнхтэй дүйцэхүйц байгааг хэлж байна. Мөн ЕБС-ийн хичээл эхлэх үед оршин суугчид хүүхдээ хэрхэн сургуульд нь хүргэж өгөх, цаашлаад үүнд ямар зохицуулалт хийх талаар тодорхой мэдээлэлгүй байна. Урсгал нэг чигт орсноор хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж  тээврийн хэрэгслийн тоо олширно. Улмаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах болон зорчих эрхэд ноцтой халдаж байгаа талаар тэд хатуу шүүмжиллээ. 

Хамгийн их анхаарал татсан асуудал болох хичээл эхлэх үеэр эцэг эхчүүд харьяа дүүргийнхээ сургууль, цэцэрлэгт хүүхдүүдээ хэрхэн хүргэж өгөх талаар дараах тайлбарыг өглөө.

Өчигдөр өглөөний байдлаар Нарны гүүрнээс Механик инженерийн сургуулийн уулзвараар зүүн буцаж эргэхийг хориглох, мөн Алтай хотхоноос гарч байгаа тээврийн хэрэгсэл зөвхөн зүүн эргэн гүүрний доогуур Нарны хороолол руу орох нэг чигийн зохицуулалтыг хийснээр замын хөдөлгөөний ачаалал багасаж, түгжрэл бага байгааг холбогдох албаныхан мэдээлж байна. Мөн иргэд мэдээллээ дутуу авснаас үүдэн зохиомол түгжрэл үүсгэж байгааг хэлж байна. Өчигдөр өглөө Механик инженерийн сургуулийн хойно 2 удаагийн зам тээврийн хэрэгслийн осол бүртгэгдсэн байна. Үүнээс үүдэн замын хөдөлгөөнд түгжрэл үүсжээ. Тиймээс иргэд мэдээллээ бүрэн гүйцэт авч замын хөдөлгөөнд оролцохыг сануулж байна.

Уг зохицуулалтыг туршилтын 21 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэсний дараа гарсан үр дүнгээс хамаарч энэхүү хэрэгжилт үргэлжлэх эсвэл цуцлагдах эсэх шийдвэр гарах юм байна. Мөн тухайн хороог төлөөлж буй гишүүдийн зүгээс иргэдийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэн холбогдох газарт шаардлага хүргүүлэх байр суурьтай байгаа юм байна.