Одоогийн мөрдөж байгаа Нийгмийн даатгалын багц хууль 1994 онд батлагдаж, түүнээс хойш 31 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна. Тэгвэл иргэд, ААН байгууллагаас Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авч эхэлсэн байна. УИХ-аар Нийгмийн даатгалын тухай багц хуулийг хэлэлцэх гэж байгаатай холбоотой бизнес эрхлэгч ААН, байгууллагууд санал солилцлоо. Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд туссан зарим онцлох заалтууд:
- Даатгуулагч олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломж бүрдэнэ
- Жил бүр инфляцтай уялдуулан тэтгэврийг нэмэгдүүлнэ
- Нас барсан тэтгэвэр авагчийн эхнэр эсхүл нөхрийн тэтгэврийн хэмжээг 20 хувиар нэмэгдүүлнэ
- Тэтгэвэр бодох дараалсан 7 жилийг 5 жил болгоно
- Даатгуулагчийн цалин хөлс, түүний бүрэлдэхүүн хэсгээс шимтгэл тооцох нь хэвээр байна
- Тэтгэвэр тогтоолгох нас нэмэгдээгүй буюу хэвээр хадгална
- Нэрийн дансны мөнгөжүүлсэн орлогын тодорхой хувийг өвлүүлэх зэрэг заалтыг тусгасан байна.
Тэгвэл бизнес эрхлэгч байгууллагуудын зүгээс одоогийн мөрдөгдөж байгаа Нийгмийн даатгалын тухай хууль нь бизнесээ өргөжүүлэх, ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, шинээр ажлын байр бий болгоход сөргөөр нөлөөлдөг байна. Тиймээс ажил олгогчоос төлж байгаа НДШ-ийн хувь хэмжээг багасгах, улирлын чанартай ажил, үйлчилгээ эрхэлдэг ААН-үүд НДШ-ийг тодорхой хугацааны дараа нөхөн төлж болдог болгох цаашлаад НДШ-ээ төлөөгүйгээс болж ААН байгууллагын дансыг хаах зохицуулалтыг уян хатан болгох зэрэг заалтуудыг оруулах шаардлагатайг албаныхан мэдээлж байна.
Цаашид УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, ажлын хэсгийн хүрээнд Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах, санал авах уулзалтыг олон нийтийн дунд шат дараатай зохион байгуулна.