Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон ирэх лхагва гарагаас эхлэн БНХАУ-д гурван өдрийн Төрийн айлчлал хийх товтой байна. БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын Чин Ганы мэдээлснээр удирдагчид хоёр орны харилцааны чиглэлийг тодорхойлох, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, геополитикийн өнөөгийн нөхцөл байдлын талаар санал солилцох төлөвтэй байна.
Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон ирэх лхагва гарагт БНХАУ-ыг зорьж, хүчирхэгжиж байгаа Их Гүрэнд хийх ховорхон айлчлалуудынхаа нэгийг эхлүүлэхээр болсныг хэвлэлүүд онцолжээ.
Энэ сарын эхээр тэтгэврийн тухай хуулийг парламентаар хэлэлцүүлэн баталсан нь Франц улс даяар эсэргүүцлийн жагсаал өрнөх гол сэдэл болсон юм. Үүнээс үүдэн Парис хот хогондоо дарагдаж, эмх замбараагүй байдал өргөн хүрээг хамарсан нь Их Британийн Хаан Чарльзийн Франц улсад хийхээр төлөвлөж байсан төрийн айлчлалыг цуцлахад хүргэсэн байна. Энэ мэт шийдвэрлэх олон чухал асуудал тулгараад байгаа Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон дипломат хуваарийн дагуу Бээжин хотыг зорьж, яриа хэлэлцээ өрнүүлэхээр зэхэж байгааг шинжээчид онцолж байна.
Түүнчлэн Хятад-Америкийн харилцаа сүүлийн 10 гаруй жилийн хамгийн доод түвшиндээ хүрээд байгаа энэ цаг үед Эммануэль Макрон Европт манлайлах үүрэг гүйцэтгэхийг хүчтэй эрмэлзэж байна. Тэрээр Хятадын эрх баригчдын санаачилсан Украины дайныг дуусгавар болгох 12 зүйл заалт бүхий энхийн төлөвлөгөөний талаар Бээжингийн удирдлагуудтай нүүр тулж хэлэлцэх бодолтой байна.
Тэгвэл Еврокомиссын тэргүүн Урсула Фон Дер Ляйен мөн лхагва гарагт Бээжин хотноо Төрийн айлчлал хийх товтой байгаа юм. Дайн эхэлснээс хойш АНУ, БНХАУ-ын хооронд дипломат маргаан өрнөснөөс бус Хятад-Европын харилцаанд ямар ч асуудал тулгараагүй, ЕХ болон Хятадын худалдааны эргэлт сүүлийн 5 жилийн дээд үзүүлэлтэд хүрэх төлөвтэй байгаа нь Эммануэль Макрон, Урсула Фон Дер Ляйен нарын айлчлал багагүй үр дүнд хүрэх хүлээлттэй байгааг ОУ-ын шинжээчид, ажиглагчид мэдээлж байна.
АНУ тэргүүтэй Өрнөдийн улс орнууд ОХУ-ын эрчим хүч, газрын тос, түүхий эд мөн Хятадын хэдэн мянган төрлийн хэрэглээний болон техник, технологийн бараа, бүтээгдэхүүнээс хэт хамааралтай байдлаа багасгахыг эрмэлзэж байгаа гэдгээ мэдэгдсээр байгаа юм. Харин Украины дайныг эцэслэх үйлсэд Бээжингээс Москвад шахалт үзүүлэхэд түлхэц болохуйц айлчлалыг чухамхүү Эммануэль Макрон хийхээр болсныг хэвлэлүүд мэдээлж байна.