Өнгөрөгч ням гарагт дэлхийн томоохон газрын тос экспортлогч хэд хэдэн компани олборлолтоо үлэмж хэмжээгээр танах шийдвэрээ танилцуулжээ. Харин ийнхүү олборлолтоо танах шийдвэрийг танилцуулсны дараагаас Олон улсын Хөрөнгийн биржүүд дээр газрын тосны үнэ огцом өссөнийг хэвлэлүүд онцолж байна.
Ням гаргийн арилжаа эхлэхтэй зэрэгцэн нэг торх брент төрлийн жишиг газрын тосны үнэ өмнөх өдрийн үзүүлэлтээс 7 хувиар өсөж, 85 америк.долларт хүрсэн байна. Ням гарагт Саудын Араб, Ирак болон Персийн Булангийн хэд хэдэн улсын газрын тосны компаниуд олборлолтын хэмжээгээ өдөрт нэг сая гаруй торхоор бууруулах шийдвэрээ танилцуулсны дараа ийнхүү үнэ өсжээ.
ОХУ-ын Зэвсэгт хүчин Украинд халдан довтолсны дараа газрын тосны үнэ огцом өссөн ч өдгөө хэвийн түвшинд хүрсэн гэж ажиглагчид үзэж байсан юм. Мөн АНУ тэргүүтэй Өрнөдийн улсууд эрчим хүчний үнийг бууруулахын тулд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийг олборлогч улсуудад уриалсаар байгаа юм. Түүнчлэн өнгөрсөн онд эрчим хүч, шатахууны үнэ өндөр байсан нь дэлхий даяар инфляцын түвшинийг өсгөхөд голлон нөлөөлсөн төдийгүй үнийн өсөлтийн хурд нь олон өрхийн санхүүгийн тогтвортой байдалд ихээхэн дарамт учруулсаар байгаа юм.
Тэгвэл ОПЕК буюу газрын тос экспортлогч орнуудын байгууллагаас олборлолтоо танах гэнэтийн шийдвэр гаргасан нь газрын тосны зах зээлийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ юм гэдгийг мэдэгджээ.
Өрнөдийн улс орнууд хориг арга хэмжээнийхээ хүрээнд ОХУ-ын газрын тосонд жишиг үнэ тогтоосонтой холбогдуулан уг бүтээгдэхүүний эрэлт суларсныг шинжээчид онцолж байна.