2023 онд 369 мянган га талбайд улаанбуудай тариална

Монгол улсын стратегийн гол нэрийн бүтээгдэхүүнд улаанбуудай багтдаг. Тэгвэл хаврын тариалалт эхлэх гэж байгаатай холбогдуулан 2023 оныг “Тариалангийн сэргэлтийн жил” болгон зарласан байна. Уг ажлын хүрээнд энэ онд 369 мянган га талбайд улаанбуудай тариалах зорилт тавьжээ.

Өнгөрсөн оны байдлаар буудайн тариалалт төлөвлөснөөс 80 гаруй мянган га-гаар буурсан. Сүүлийн найман жилд буудайн ургац тогтмол буурсаар байна. Газар тариалангийн салбарын ААН-ийн төлөөлүүдийн зүгээс олон зээл тусламж байдаг ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа талаар хэлж байсан юм.

Тэгвэл салбарын яамнаас тариалан эрхлэгчдэд урт хугацаатай, хүү багатай зээл олгохоор болсон бөгөөд 982 тэрбум төгрөгийг жилийн 5-6 хувийн хүүтэй 3-5 жилийн хугацаатай олгоно. Харин зээлийн зөрүүг Засгийн газраас төлөх юм байна.

Манай улс 350 мянган тонн улаанбуудай хураан авахад дотоодын хэрэгцээгээ хангах боломжтой гэж салбарын яам 2022 онд тооцоолсон байдаг. Тэгвэл 2023 онд га-аас авах улаанбуудайн хэмжээг нэмэгдүүлэн дотоодын хэрэгцээг хангах боломж бүрдэнэ гэж үзэж байна.