Тариаланчид зээл авахад Арилжааны банкуудын шаардлагыг хангаж чадахгүй байх тохиолдол их гарч байна

Өнөөдөр эхэлсэн "Тариалангийн сэргэлт 2023" Үндэсний чуулганы хүрээнд төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн үйлдвэрлэл эрхлэгчдийн хэлэлцүүлэг боллоо. Тус хэлэлцүүлгээр газар тариалангийн салбарын бодлого, эрх зүйн шинэчлэл, хэрэгжилт, хөдөө аж ахуйн зарын цахим нэгдсэн платформ, зээл олголт, хөнгөлөлт зэрэг асуудлаар салбарын төлөөллүүд санал солилцжээ.

Хүнсний ногоо болон жимс жимсгэнэ тариалдаг иргэдэд тулгардаг хамгийн том бэрхшээл бол санхүүжилт, зээлийн асуудал гэдгийг тус салбарын төлөөллүүд хэлж байна. Тариаланчид Арилжааны банкаар дамжуулан өөрт шаардлагатай зээл авахад барьцаа хөрөнгө, улирлын чанартай ажил гэх мэт шаардлагыг хангаж чадахгүйгээс шалтгаалж зээл авч чадахгүй байх нөхцөл байдал үүсдэг байна.

Харин албаны зүгээс хэлэхдээ хүнсний ногооны үйлдвэрлэлийн техник, технологийн шинэчлэл хийх зорилгоор тухайн жилд худалдан авсан тоног төхөөрөмжийн үнийн  50 хувийг ногоочдод  буцаан олгож байна. Мөн хүнсний ногооны үрийн үнийг 80 хувиар хөнгөлж, эцсийн бүтээгдэхүүнд нь урамшуулал олгож эхэлснээр хураан авсан ургацын хэмжээ сүүлийн 2 жилд 40 гаруй хувиар өссөн байна. Мөн төмс, лууван зэрэг голлох хүнсний ногооны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломж бүрдээд байгаа юм байна.

Үүнээс гадна хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай зарим нэр төрлийн шинэ тоног төхөөрөмжийг 2027 он хүртэл импортын барааны гаалийн албан татвараас хөнгөлөх шийдвэр гарчээ.