БГД-ээс удаан хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй нийтийн эдэлбэр газарт дур мэдэн байршуулсан ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлжээ. Ингэснээр нийтийн эдэлбэр газарт иргэд чөлөөтэй, аюулгүй зорчих боломж бүрдэнэ гэж үзэж байна. Цаашид замбараагүй байрласан түргэн үйлчилгээний цэгүүдийг шат дараатайгаар цэгцэлж, нийтийн эдэлбэр газруудыг чөлөөлснөөр ногоон байгууламж байгуулах ажлууд хийгдэхээр төлөвлөгджээ.
Өнөөдрийн байдлаар Баянгол дүүрэгт 450 орчим түргэн үйлчилгээний цэг үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгвэл тус дүүргийн 8 болон 15-р хорооны нутаг дэвсгэрт явган хүний зам таглан зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлж, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулж эхэлжээ. Зөвшөөрөлгүй газар байршуулсан үйл ажиллагаагаа удаан хугацаанд явуулаагүй 46 ТҮЦ байгаагаас одоогоор 25-ыг нь нүүлгэн журмын хашаанд байршуулсан байна. Дүүргийн газрын албанаас үйлчилгээ эрхлэгчдэд мэдэгдэх хуудас хүргүүлж байсан ч хариу арга хэмжээ аваагүй тул нүүлгэлтийн ажлыг эхлүүлсэн байна.
Харин худалдаа эрхлэгчдийн төлөөлөл хэлэхдээ түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэх нь зөв ч иргэдийн ажлын байрны нөөц бололцоог хэрхэн хангах нь тодорхойгүй байгаа талаар ярьж байна.
Нийтийн эдэлбэр газар байршуулсан түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэн хоосон зай талбайд ногоон байгууламж бий болгох ажлыг эхлүүлсэн байна. Ингэснээр иргэд нийтийн эдэлбэр газарт чөлөөтэй зорчих боломжтой болох юм.
БГД-ийн тухайд автобусны буудал орчимд түргэн үйлчилгээний цэг байршуулах шаардлагагүй гэж үзэж байгаа тул цаашид зөвшөөрөлгүй газар байрласан бүхий л түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэхээр төлөвлөжээ.