Өнгөрсөн долоо хоногт Тайванийн Засаг захиргааны Тэргүүн Цай Ин Вэн Төв Америкийн хоёр улсад хийх айлчлалынхаа үеэр Нэгдсэн улсын Нью-Йорк хотноо түр саатсан юм. Тэрээр мягмар гарагт Гватемал, Белиз улсуудад хийсэн айлчлалаа өндөрлүүлсэн бөгөөд АНУ-ын Калифониа мужийн Лос-Анжелес хотод газардаж тус улсын төлөөлөгчдийн танхимын дарга Кевин Маккартитай нүүр тулж уулзах төлөвтэй байна.
Цаг хугацааны тохирооны хувьд Цай Ин Вэний айлчлал санамсаргүй тохиолдол биш гэдгийг хэвлэлүүд онцолж байна. Учир нь өнгөрсөн долоо хоногт Тайванийн Засаг захиргааны өмнөх Тэргүүн Ма Инжю эх газрын Хятад улсад айлчилж, Коммунист намын удирдах албан тушаалтнуудтай уулзан, өвөг дээдсийнхээ шарилд хүндэтгэл үзүүлэх ёслолд оролцсон байна. Мөн БНХАУ-ын Коммунист намын удирдлагууд анх удаа Тайванийн Засаг захиргаанд удирдах албан тушаал хашиж байсан хүнд айлчлал хийх урилга илгээсэн нь хэтэрхий улс төрийн шинжтэй байсныг шинжээчид онцолж байна. Үүнтэй зэрэгцэн Цай Ин Вэнийн Төв Америкийн бүс нутагт хийж байгаа айлчлал улам гал дээр тос нэмсэн үйлдэл болсон ч лхагва гарагт төлөөлөгчдийн танхимын Бүгд Найрамдах намын төлөөлөл Цай Ин Вэнийг хүлээж авч уулзахад бэлэн гэдгээ хэвлэлд мэдээлжээ.
Өнгөрсөн онд Нэгдсэн улсын төлөөлөгчдийн танхимын даргын албан тушаалыг хашиж байсан Ардчилсан намын гишүүн, ахмад улстөрч Ненси Пелоси Тайваньд гэнэтийн айлчлал хийсэн нь Ази Номхон далайн бүс нутагт дайн дэгдээх эрсдэлийг нэмэгдүүлсэн гэж ажиглагчид үздэг юм. Тэгвэл Бүгд Найрамдах намаас сонгогдсон одоогийн төлөөлөгчдийн танхимын дарга Кевин Маккарти бодлогын хувьд Ненси Пелосигийн алдааг мөн давтах төлөвтэй байгааг ажиглагчид анхааруулж байна.
1979 онд тухайн үеийн АНУ, БНХАУ-ын эрх баригчид албан ёсоор дипломат харилцаа тогтоох тунхаг бичигт гарын үсэг зурснаас хойш хоёр улсын харилцаа өнөөгийнх шиг ийм хэмжээнд хүрч дордсон удаа байгаагүй. Сүүлийн 40 гаруй жилийн хугацаанд АНУ-ын үе үеийн эрх баригчид “Нэг Хятад” зарчмыг хүлээн зөвшөөрч, ямагт энх тайвныг тогтоож, аюул заналхийллээс зайлсхийхэд бэлэн байгаагаа мэдэгдсээр ирсэн юм.
Нөгөөтээгүүр үзэл санааны хувьд өөрчлөгдсөн Тайванийн иргэдийн үзэл бодол, хүсэл сонирхолд дэмжлэг үзүүлнэ гэдгээ Цагаан ордны эрх баригчид мэдэгдсээр байгаа юм. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Тайваний нийт иргэдийн дунд явуулсан санал асуулгууд тус арлын бүс нутгийн иргэдийн 70 орчим хувь нь Тайванийг тусгаар тогтносон, ардчилсан улс болгохыг дэмжиж байгааг харуулсан байна. Мөн Украины дайн эхэлснээс хойш Тайванийн иргэд хэрэв Хятад улс эзлэн түрэмгийлэл эхлүүлбэл газар нутгаа хамгаалан тулалдахад бэлэн гэдгээ Өрнөдийн хэвлэлд ярьсан байна.