“Долоогийн бүлэг”-ийн гишүүн Япон улсын эрх баригчид ОХУ-ын газрын тосыг жишиг үнэ буюу 60 ам.доллароос дээш үнээр худалдан авах зөвшөөрлийг аж ахуйн нэгжүүддээ олгожээ

Өнгөрсөн оны сүүлээр АНУ тэргүүтэй “Долоогийн бүлэг”-ийн улсууд ОХУ-ын газрын тосны үнэд дээд хязгаар тогтоох тохиролцоонд хүрсэн юм. Тэгвэл “Долоогийн бүлэг”-ийн гишүүн Япон улсын эрх баригчид ОХУ-ын газрын тосыг жишиг үнэ буюу 60 ам.доллароос дээш үнээр худалдан авах зөвшөөрлийг саяхан аж ахуйн нэгжүүддээ олгожээ.

Уг шийдвэр нь холбоотон улсуудын хооронд үл ойлголцол бий болгох эрсдэлийг нэмэгдүүлж байгааг шинжээчид онцолж байна.

Өрнөдийн улс орнуудын эрх баригчид Оросын газрын тосонд үнийн дээд хязгаар тогтоосноор хориг арга хэмжээнийхээ үр нөлөөг нэмэгдүүлэх, Москвагийн орлогыг хязгаарлах, эдийн засгийн хувьд хүчгүйдүүлэх, цаашлаад дэлхийн эрчим хүчний зах зээлийг тогтворжуулж, инфляцын өсөлтийг сааруулах зорилготой гэж тайлбарлаж байсан юм.

Европын улс орнууд Орос Украины хямралаас хойш Оросын газрын тос, байгалийн хийнээс татгалзаж, хэт хараат байдлаасаа ангижрахыг оролдож байгаа юм. Харин Японы аж ахуйн нэгжүүд Орос улсаас авах эрчим хүчний бүтээгдэхүүний худалдан авалтаа эрчимжүүлсэн байна. Энэ талаар Японы Гаалийн хяналтын газраас мягмар гарагт нийтэлсэн тоо баримтад өгүүлжээ.

Япон улс нь чулуужсан түлш буюу нүүрс, байгалийн хий, газрын тосны нөөцгүй дэлхийн цөөхөн улсуудын нэг бөгөөд эрчим хүчнийхээ ихэнх хэрэгцээг импортоор авдаг байна. Энэ мэтчилэн эрчим хүчний импортоос бүрэн хараат байдаг Япон улсын хувьд  үргэлж эзлэн түрэмгийллийг буруутгасан өнгө аястай мэдэгдэл хийдэг ч “Долоогийн бүлэг” дотроос өнөөг хүртэл Украинд үхлийн аюултай зэр зэвсэг илгээгээгүй цорын ганц улс гэдгийг шинжээчид онцолж байна.

2023 оны эхний хоёр сарын байдлаар Японы эрчим хүчний компаниуд ОХУ-аас нийт 750 мянган торх газрын тосыг торх тутмыг нь 70 гаруй ам.доллароор худалдан авсныг гаалийн мэдүүлэгт дурджээ. Түүнчлэн 2023 он гарснаас хойш Японы байгалийн хийн гол нийлүүлэгч нь Катар болоод АНУ байгаа бол ОХУ-ын нийлүүлэлт тогтвортой нэмэгдэж байгааг “Wall Street Journal” онцолжээ.