2024 оны УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулна

УИХ-д суудалтай гурван намын төлөөллийг багтаасан ажлын хэсэг Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулан УИХ-ын даргад өргөн барилаа. Сонгуулийн тухай хуулийн энэ удаагийн өөрчлөлтөөр УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар заасан бөгөөд сонгуулийг 50 хувийг нь мажоритар, 50 хувийг нь хувь тэнцүүлсэн тогтолцоогоор зохион байгуулах саналыг тусгасан байна. 

Өнгөрсөн намраас эхлэн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэд хэдэн хэлэлцүүлгийг хийсэн. Хэлэлцүүлэгт улс төрийн намууд болон иргэний нийгмийн байгууллагууд оролцсон юм. Монгол улс 2012 онд нэг удаа холимог тогтолцоогоор УИХ-ын сонгуулийг зохион байгуулж байсан юм. Тэгвэл энэ удаад дахин холимог тогтолцоогоор сонгууль зохион байгуулахаар боллоо.

Холимог тогтолцоогоор сонгууль явуулахдаа нэр дэвшигчдийн 50 хувь нь жижиг тойргоос, үлдсэн тал хувь нь нэг тойргоос буюу намын жагсаалтаар сонгогдох боломжийг оруулж өгчээ.

Мөн өөрчлөлтөөр мажоритар тогтолцоогоор нэр дэвших хүн давхар нэрээ дэвшүүлэх боломжгүй. Жагсаалтаар нэр дэвшихэд нэрс нээлттэй бөгөөд сонгогч улс төрийн нам эсвэл нэр дэвшигчийг сонгох боломжтой.