Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 1000 орчим цахилгаан шатыг шинэчлэх шаардлагатай байгаа юм. Мэргэжлийн хяналтын газраас гаргасан дүгнэлтээс хамааран ашиглалтын хугацаа дууссан, эрсдэлтэй. Хуучны барилга байгууламжид засвар хийх, цахилгаан шатыг солих зэрэг ажилд улсаас дэмжлэг үзүүлдэг ч ашиглалтын хугацаа дууссан цахилгаан шатыг бүгдийг нь улсын төсвөөр шинэчлэн солих боломжгүй тул Сууц Өмчлөгчдийн холбоо болоод иргэдийн оролцоо чухал гэдгийг холбогдох албаны төлөөлөл хэлж байна.
- Нийслэл хотын хэмжээнд байгаа нийт 8600 гаруй цахилгаан шатнаас нийтийн орон сууцны зориулалттай 5360 цахилгаан шат бүртгэлтэй байна.
- Эдгээрээс 139 нь ашиглалтын шаардлага хангахгүй, харин 800 гаруй нь ашиглалтын хугацаа дууссан буюу эрсдэлтэй нөхцөлд байгаа юм.
- Нийслэлд цахилгаан шаттай холбоотой гомдол мэдээллийн дийлэнх хувийг хуучны угсармал 9-12 давхар байрнуудын цахилгаан шатны эвдрэл гэмтэлтэй холбоотой дуудлага мэдээлэл эзэлдэг байна.
- Угтаа бол цахилгаан шат нь 20-25 жилийн эдэлгээтэй байдаг бол нийслэлийн хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй болсон 139 лифтний 90 орчим хувийг 30-аас дээш жил ашигласан байдалтай байна
БЗД-ийн 18-р хороонд байрлах 14 болон 22А-р байрны цахилгаан шатны ашиглалтын хугацаа нь дуусаж яаралтай солих шаардлагатай болсон байна. Сууц Өмчлөгчдийн холбооноос холбогдох байгууллагуудад удаан хугацааны турш дээрх хүсэлтийг тавьсан боловч одоо болтол тодорхой хариуг өгөөгүй байна.
Тус хороонд 500 айл өрхийн 2000 орчим иргэн амьдардаг. Сууц Өмчлөгчдийн холбоонд сард 1 айл 20 мянган төгрөгийн төлбөр төлдөг байна. Энэ мөнгө нь цахилгаан шат, урсгал засвар, цэвэрлэгээ үйлчилгээ тохижилт зэрэгт зарцуулагддаг байна.
Тэгвэл дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд зааснаар Мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргасан дүгнэлтийг харгалзан хуучны барилга орон сууцанд засвар хийхэд шаардлагатай хөрөнгө мөнгөний дэмжлэгийг төрөөс үзүүлэх боломжтой гэж заасан байдаг. Харин ашиглалтын хугацаа дууссан цахилгаан шатыг бүгдийг солих ажил улсын төсвөөр хийгдэхгүй гэсэн юм. Мөн холбогдох байгууллагын төлөөлөл хэлэхдээ тухайн орон сууц барилгыг хариуцсан Сууц Өмчлөгчдийн холбоо болоод цахилгаан шатны засвар үйлчилгээ хариуцсан ААН ажлаа гүйцэт хийж чадавхжих шаардлагатайг хэлсэн юм.